”Mining mongolia 90” өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

“Mining Mongolia 90” олон улсын нээлттэй чуулганы хоёр  дахь өдөр яригдсан гол сэдэв нь Монгол Улс уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Энэ ч шинэ сэдэв биш л дээ. Бараг л Монгол Улсын нэг том мөрөөдөл гэхэд дэгсдэхгүй байх. Чуулган болгоноор л Монгол Улс уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ хэмээн том дуугардаг ч яг үнэндээ чуулганы дараа ярьсан хэлснээ мартчидаг гэмтэй шүү дээ, манай сайд дарга нар. Монгол Улс уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Сайншандын аж үйлд­вэрийн цогцолборыг барихаар аль эртнээс л төлөв­лө­сөн. Энэ төслийг санхүү­жүүлэхээр Хөгжлийн банк 600 сая ам.долларыг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон. Харамсалтай нь тус банк Сайншандын аж үйлдвэрийг цогцолборыг барих төсөлд нэг ч төг­рөгийн санхүүжилт хийгээгүй, төсөл цаасан дээр буусан хэвээрээ л байгаа.

Өчигдрийн үндсэн хурал­даан “Монголын уул уурхайн сал­­барын бүтээгдэхүүний зах зээл, өрсөлдөх чадвар, бай­галь орчин, техник тех­нологи, дэд бүтэц, хүний нөөц” сэдвийн хүрээнд болсон бөгөөд  “Нүүрсний зах зээлийн хөгжил”, “Дэлхийн зэсийн зах зээл”, “Хайлуур жоншны зах зээл” зэрэг илтгэлүүд тавигдсан. Сүүлийн үед зохиогдож буй чуулга уулзалтуудаар оролцогчдын хамгийн их сонирхлыг татсан сэдэв нь нүүрсний асуудал болоод байгаа. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулж байгаа хөрөнгөний 80 хувийг зөвхөн нүүрсний худалдаанаас бүр­дүүл­дэг гэхээр энэ ашигт малтмал Монгол Улсын хувьд ямар­хуу үнэ цэнэтэй тодорхой болох биз.

2010 онд Монгол Улс  25 сая тонн нүүрс олборлосны 17 сая тонныг нь Хятад руу экспортолжээ. Тэгвэл өнгөрсөн 2011 онд  33 сая тонн коксжих нүүрсний олборлож, 23 сая тонныг нь бас л урд хөрш рүү гаргасан бөгөөд хоёр тэрбум ам.долларын ашиг олжээ. Монголын нүүрсний экспортын том зах зээл бол Хятад, тийм ч учраас Монголоос гарч байгаа бүх нүүрс тус улсад нийлүүлэгддэг. Харин цаашдаа Хятадын Тяньжинаар дамжуулж нүүрсээ олон улсын ханшаар Япон, Солонгост зарах, дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа юм. Ерөнхий төлөвлөгөөгөөр 2017 онд 100 сая тонн нүүрсийг олборлохоор тооцоод байгаа юм байна.  Хэдийгээр улсын төсвийн дийлэнхийг нүүрсний салбараас бүрдүүлж буй ч Монгол Улс нүүрсээ түүхийгээр нь дэлхийн зах зээлийн үнээс хамаагүй хямдхан зарж байгаа талаар чуулганы үеэр яригдсан юм. Тиймээс нүүрсээ боловсруулах шаардлагатай байгааг, үүний тулд дэд бүтцийн хөгжлөө сайжруулахад төр анхаарлаа сулхан хандуулж буйг шүүмжлэх хүмүүс ч байсан. Ядаж байхад Монголын нүүрсний ордуудын дийлэнх нь хятадуудын гарт орсон, гэтэл Монголын нүүрсний томоохон зах зээл нь Хятад. Тиймээс энэ асуудалд Монголын төр анхааралтай хандах ёстойг ч  зарим хүн сануулсан.  Өчигдрийн хурал­даан тавьсан итгэлүүдээс дурдвал, Монгол Улсын эдийн засагт эрдэс баялгийн салбарын эзлэх хувь өссөн дүнтэй гарчээ. Өөрөөр хэлбэл, 2010 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 23 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67 хувь, экспортын 88 хувийг дангаар бүрдүүлсэн аж. Харин өнгөрсөн жил дотоодын нийт бүтээгдэхүүний 20.23 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69.63 хувь, экспортын 89.20 хувийг бүрдүүлсэн байна. Уул уурхайн салбараас улс орны эдийн засагт үзүүлэх үр нөлөө улам өсөх тооцоотой байгаа аж. Ялангуяа Оюутолгойн үйлдвэрүүд ашиглалтад орж эхэлснээр уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлого улам нэмэгдэх төлөвтэй байгаа  гэнэ.  Салбарын яамнаас цаашид баримталж буй нэг бодлого нь  ашигт малтмалын нөөцийг урт удаан хугацаанд үр өгөөжтэй ашиглах, төсвийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор уул уурхайн салбарын татварыг оновчтой түвшинд тогтоох, татварын бодлогоор дамжуулан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих явдал гэнэ. Дэлхий дахинд зэсийн хэрэглээ өсөх хандлагатай байгаа бөгөөд 2020 он гэхэд Хятад, Энэтхэгт зэсийн эрэлт 50 хүртэл хувиар нэмэгдэх бололтой. Зэсийн эрэлтийг дагаад нийлүүлэлтийн асуудал тулгамдсан бэрхшээл болж магадгүй, энэ нь харин Монгол Улсад томоохон боломжийг авчирна гэдгийг ч салбарын мэргэжилтнүүд ярьсан. Түүнчлэн Монголын хөрөнгө оруулалт сүүлийн жилд буурсан, энэ нь хайгуулын лицен­зийн олгохоо больсонтой холбоотой гэх яриа ч гарсан. Гэхдээ ямарч байсан улс төрийн халуухан өрнөлтэй зэрэгцээд уул уурхайнхан зовлон жар­галаа 90 жилийн ойн босгон дээр хуваалцаж, ирээдүйгээ тодор­х­ойллоо.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж