Намуудын мөрийн хөтөлбөр яагаад ил болохгүй байна?

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Намуудын мөрийн хөтөлбөр яагаад ил болохгүй байна?

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ  хуралдаж, УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлж баримт бичгээ хүлээлгэж өгсөн 11 нам, 2 эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Ийнхүү албан ёсоор бүртгүүлсэн нам, эвслүүдэд  Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос батламж гардуулах бөгөөд энэ арга хэмжээг  ирэх даваа гаригт Төрийн ордонд хийхээр товлож. Гэвч батламж өгөхөөр урьтаж олон нийтэд ил болох зүйл бий. Тэр нь намуудын мөрийн хөтөлбөр. Тэд өнөөдрийг хүртэл мөрийн хөтөлбөрөө нууцалсаар. Ийнхүү нууцалсан нь бусад намуудад санаагаа хуулбарлуулахгүй гэсэн санаа гэдгээ ч өмнө хэлсэн. Үүнээс хоёр янзын хардлага төрж байна. Нэг бол, намууд хөтөлбөрөө өрсөлдөгч намуудаас биш иргэдээс нууцлах зорилготой байж. Эсвэл аудитын газар мөрийн хөтөлбөрөө өгцгөөсөн ч засвар хийх нэрийдлээр бусдын санааг хулгайлах боломжийг эрэлхийлж буй хэрэг.

Аливаа нууцыг хоёроос олон хүн мэдэж байвал нууц биш болдог гэдэг үг үнэн бол Үндэсний зөвлөлдөх хорооны 200 гаруй гишүүн, намын бага хурлын 500 гаруй гишүүдэд танилцуулагдсан мөрийн хөтөлбөр өдийг хүртэл өрсөлдөгч намын удирдлагад очоогүй байна гэх зүйлд хэн ч итгэхгүй. Ийм байсаар байтал нууцалсаар байгаа нь сэжиг төрүүлж байна.

МАН-ын хувьд цалинг 1,3 сая төгрөгийн цалинтай болгох, хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох заалтуудаа хас хэмээн Аудитын газрынхан санал болгосон гэх. Гэвч өнөөдрийг хүртэл тус намын нэг ч гишүүн энэ заалтыг “унасан” тухай ам ангайсангүй. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хувьд мах, сүүний үйлдвэрт тушаа­сан сүү, маханд татаас өгнө гэж байсныг Аудитын газраас болохгүй гэсэн хэмээн З.Энхболд нар хэлчихсэн. Энэ намынханы засварын хувьд зарчмын гэх өөрчлөлт орохгүй гэж бүлгийн дарга нь ч амласан. Бусад намууд мөрийн хөтөлбөрөө сүрхий нууцлаагүй ч мөн мэдэгдэж тайлагналгүй өдийг хүрсэн.

Энэ долоо хоногийн эхэнд “намуудын хөтөлбөрөөс аудит ямар ямар но илрүүлсэн нь тодорхой болох бололтой” гэж таамаглаж байсан нь талаар болж ажлын тав хоногийн барав. Ийнхүү Хөгжлийн хөтөлбөр нам,Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Ногоон нам, Ардчилсан нам, Иргэний зориг-Ногоон нам, Монгол Ардын нам, МСДН, Эх орончдын нэгдсэн нам, Эх орон нам, Иргэний хөдөлгөөний нам гэсэн 11 нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин эвсэл” сонгуульд оролцох хүсэлтүүд Аудитын ерөнхий газар болон СЕХ-н дээр л хадгалагдаж байна.Өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хулгайг эргэн санавал дээрх газруудад анх ирсэн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ил болгох учиртай мэт. Тодруулбал, дөрвөн жилийн өмнө СЕХ-ны дарга Б.Баттулга “МАХН-ын СЕХ-д өгсөн мөрийн хөтөлбөрт 1,5 сая төгрөгийн тухай байгаагүй” гэж байсан нь намууд Аудитын газрын саналыг тусгах нэрийдлээр биенээсээ будаа идэж байсныг харуулж байна. Энэ дахин давтагдах учиргүй. Иймд анх өгсөн хөтөлбөр, одоо хэрхэн зассан мөрийн хөтөлбөрийн аль алиныг нь ил болгох л үлдлээ.  

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж