Ус бохирдуулбал торгууль хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Ус бохирдуулбал торгууль хүлээнэ

УИХ-ын чуулганаар Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиудын төсөл, Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болоод уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Н.Энхбаярын биеийн байдалд анхаарч, хуулийн дагуу ажиллахыг УИХ-ын дарга хүслээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­дааны эхэнд МАХН-ын нарийн бичгийн дарга Д.Тэрбишдагва Н.Энхбаярын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярын байдалд анхаарлаа хандуулахыг хүсэв. Түүний мэдэгдлийн хариуд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын дарга хуулийн хүрээнд ажиллана. Иймд энэ асуудлыг хуулийн хүрээнд явуулах ёстой гэдэг байр суурьтай байгаагаа албан ёсоор илэрхийлэв. Түүнчлэн Нийгмийн бод­лого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудалд Эрүүл мэндийн яам анхаарал тавих, мөн хуулийн байгууллагууд хуулийг зөв хэрэгжүүлж байна уу гэдэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаярыг хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа. Мөн  хуулийн өмнө хүн бүр адил тэгш эрх эдэлж, хуулиа нийтээрээ дээдэлж ажиллах ёстойг сануулсан юм.

Арьс ширний үйлдвэрүүд 600 саяар цэвэрлэх байгууламж барина

Үүний дараа Усны нөөцийг бохирд­лоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл,  уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн хэлэлцсэн. Өнгөрөгч онд хийсэн тооллогоор манай орны 6600 гаруй гол горхины 500 гаруй нь, 9321 булаг шандны 1879 нь, 1613 нуур, цөөрмийн 483 нь ширгэсэн дүн гарчээ. Цаг агаарын дулаарал, байгалийн баялгийн зүй бус ашиглалтаас үүдэн цөлжилт хүрээгээ тэлж буй энэ цаг үед хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор гарч ирээд байгааг хууль санаачлагчдын нэг Н.Ганбямба гишүүн тайлбарласан. Дээрх хууль батлагдсанаар бохирдуу­лагч нь төлбөр төлөгч байх зарчим амьдралд хэрэгжин, хариуцлагын тогтолцоо өндөрсөнө гэдэгт хууль санаачлагчид онцолж байлаа.

БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар:
-Усны нөөцийг бохирдуулсан иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-20 дахин, албан тушаалтанд 10-30, аж ахуйн нэгжид 30-50 дахин нэмэгдүүлсэн торгуулийг ногдуулахаар хуулийн төсөлд тусгасан. Үүнээс гадна хохирлыг нөхөн төлүүлэх бөгөөд байгаль экологийн үнэлгээгээр хэдий хэмжээний хохирол учирсан байна, тэр хэмжээгээр нь нөхөн төлбөр ногдуулах болно. Байгальд учруулсан хохирлын хэмжээ хэдэн арван саяар тогтохгүй байж болно. Өөрөөр хэлбэл, усны нөөцийг бохирдуулсан этгээдэд ногдуулах шийтгэл хавсарсан байхаар боловсруулсан байгаа. Нэг литр усны үнэ 0.15 мөнгө байгаа бол хууль батлагдан гарснаар нэг литрийг нь 60-150 мөнгөөр үнэлнэ. Ингэж байж усыг үр ашигтай, бохирдол багатай ашиглах механизм руу шилжиж чадна.

Ц.Даваасүрэн:
-Оюутолгой компани өөрийн хөрөн­гөөр гүний усыг хайж олбол түүнийгээ ашиглах эрхтэй, Бас бусад аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулах эрхтэй. Энэ компанид гэрээгээр олгосон тэр эрх энэ хууль батлагдсанаар өөрчлөгдөх эсэхийг тодруулахад, ажлын хэсэгийн зүгээс “Гэрээгээр энэ компанид усыг ашиглах талаар эрх өгсөн. Энэ гэрээ өмнөх хууль эрх зүйн хүрээнд хийгдсэн. Гэхдээ гэрээнд усны төлбөрийн хэмжээнд чөлөөтэй зохицуулалт хийх заалт тусгагдсан. Усны үнэ нэмэгдэхээр төлбөрийн хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр усаа үр ашигтай, бохирдол багатай зарцуулахад шахалт үзүүлж байгаа юу.

Д.Энхбат:
-Бохирдуулсан нь төлдөг байх хэрэгтэй. Гэтэл арьс ширний үйлд­вэрүүд хамгийн их усыг бохирдуулж байгаа. Энэ компаниуд ямар хариуцлага хүлээлгэхээр хуулинд тусгаж байгаа вэ.

БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар:

-Саяхан арьс ширний үйлдвэрийн компаниудтай уулзсан. Ингэхдээ арьс ширний үйлдвэрүүдээс 600 сая төг­рөг гаргаж цэвэрлэх байгуу­ламж бай­гуулахаар болсон. Ирэх арваннэг­дүгээр сард цэвэрлэх байгуу­лам­жаа бариагүй бол үйл ажиллагааг нь зог­соохоор тохиролцсон. 

Усны бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэлэлцүүлгийн дараа  УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, “Ус алтнаас үнэтэй” хэмээн онцолсон. Үүний дараа санал хурааж, хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 84.3 хувь нь дэмжиж, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр боллоо.

Монголд 100 хувийн хөрөнгө оруулалттай гадаадын 257 компани бий

УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь Стратегийн ач холбогдол бүхий аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болоод уг хуулийг дагалдан гарах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь танилцуулсан. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг гадаад улсын Засгийн газрын хяналтад байдаг байгууллага болон олон улсын байгууллага, түүний хяналтад байдаг байгууллага гэж заасныг тодорхой болгох, стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжийн Монголын талын хувь хэмжээ 51 хувиас доошгүй байна гэснийг энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн  нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчын хувь хэмжээ 49 хүртэл байх бөгөөд илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх гэж өөрчлөх саналыг оруулж ирснийг Байнгын хорооны гишүүд дэмжжээ. Мөн стратегийн ач холбогдол бүхий салбарт эрдэс баялаг, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо гэсэн зургаан салбар хамрагдаж байсныг эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэсэн гурван салбар болгож цөөрүүлэх санал ч дэмжигдсэн байна. УИХ-ын гишүүн Н.Батбаяр энэ хуульд заасан хэлцлийг хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн тухайн хэлцэлтэй холбоотойгоор нөгөө талд шилжүүлсэн төлбөрөөс Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу албан татвар суутгаж, Монгол Улсын төсөвт шилжүүлэх зэрэг саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд саналаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:
-1929 онд тэр үеийн Улсын Их Хурал гадаадын капиталыг шахан зайлуулах шийдвэр гарган Оросоос бусад бүх улсын хөрөнгө оруулагчдыг хоёр жилд хөөн гаргаж, түүнээс хойш Монгол  Зөвлөлтийн колони явсан. Энэ түүх дахин давтагдаж байна уу гэж болгоомжилж байна. Түүх дахин давтагдах нь. Тэр үед Коминтернийн заавраар гадаадын капиталыг шахан гаргах бодлого явагдсан. Одоо энэ ажиллагаа шинэ дүр төрхөөр гарч ирж байна. Ийм үр дүнд хүрэхийг мэдсээр байж яагаад Байнгын хороо энэ хуулийн төслийг дэмжив. Ийм хууль гарснаар шударга хөрөнгө оруулагч огт ирэхгүй. Засгийн газартай яриж зөвшөөрөл авна гэдэг нь авилгал яригдана л гэсэн үг. Улстөрийн эрх мэдэл олж авсан хүмүүст л ашигтай байдаг шийдвэр. Малайз зэрэг улс үүнээс бол баларсан. Хууль гараад Монголын эдийн засаг хүнд байдалд орж, сүйрнэ. Үүнийг хэн хариуцах вэ.

С.Бямбацогт:
-Гадаадын хөрөнгө оруулалтыг 100 хувь хориглосон зүйл байхгүй. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах, хяналт тавих юм. 1990-ээд онд гадны хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг олгож байсан. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайжирч байгаа болохоор чаддаг салбартаа үндэсний хөрөнгө оруулагчдаа дэмжье гэж байгаа. Монголын ард түмний өмчийг гадны хөрөнгө оруулагчид захиран зарцуулж байх ёстой юм бэ. Баялаг ард түмний өмч юм бол бид яагаад мэдэж болдоггүй юм бэ. Гадны хөрөнгө оруулалтыг зохицуулья л гэж хуулийг боловсруулсан.

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир:
-Ийм хууль гаргалгүй Монгол Улсын эдийн засагт гадаадын тодорхой орнуудын эзлэх хувь хэмжээ, экспортод гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээгээр хязгаарлаж болохгүй байсан юм уу. Үүнийг авч үзсэн үү. ДНБ-ий үйлдвэрлэлд гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр аж ахуйн нэгж тэдэн хувийг эзлэх ёстой гэсэн хувь хэмжээ тогтоох ч юм уу. Стратегийн салбарыг гурав болгоод цөөлсөн байна. Үлдэж байгаа салбарт сөрөг байдал үүсэхээр гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа эхэлсэн хойно дахиад асуудал шийдэх болох вий. Хөдөө аж ахуй­гаа орхигдуулж, явцуу хүрээнд гу­рав­хан салбарыг яагаад онцолсон юм бэ.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар:
-Гадны орнуудын хуулийг харахад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулдаг 20 гаруй салбар байдаг юм байна. Бид энэ хуулиараа гадны хөрөнгө оруулалтыг хааж байгаа юм биш. Зөвшөөрөл авдаг зохицуулалтад шилжих гэж байна. Манай оронд гадны хөрөнгө оруулалттай 514 аж ахуйн нэгж байгаа. Тэдний 277 нь 100 хувийн хөрөнгө оруулалттай өөрөөр хэлбэл 100 хувь гэдэг нь 350 тэрбум, 237 хамтарсан гэдэг нь дүрмийн сангийн дагуу 408 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай  гэсэн үг юм байна.

Чуулганы үдээс хойших хуралдаа­наар энэ төслийг дэмжиж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Ш.ОЮУНЧИМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж