Хурууны хээгээр санал өгөх нь зүйтэй гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Хурууны хээгээр санал өгөх нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж, гарын хурууны хээг ашиглан сонгогчийг таних ажлыг зохион байгуулах аль эсвэл иргэний үнэмлэхээр сонгууль зохион байгуулах гэсэн хоёр заалттай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Энэ жилийн сонгуулийг буди­лаан­гүй зохион байгуулах үүд­нээс цахим сонгуулийг сонгосон ч боломжгүй болж, хуучин үнэмлэхээр өгөх, шинээр иргэний үнэмлэх авах болон хаяж үрэгдүүлсэн иргэд хэрхэн сонгууль өгөх нь тодорхойгүй байсан. Үүнийг УИХ-ын Төрийн байгуулалтын байн­гын хорооны хуралдаанаар хэлэлцээд санал өгөх иргэдийг танихын тулд ху­рууны хээг ашиглах саналыг дэмжлээ. УИХ-ын сонгуулиас урьтаж цахим үнэм­лэх нийт хэвлэгдэх ёстой тоо хэм­жээгээр хэвлэгдэх боломжгүй бол­сон тул одоо ашиглаж байгаа иргэ­ний үнэмлэхээр сонгогч саналаа өгнө гэдгийг энэхүү тогтоолд зааж өгчээ. Харин сонгогч санал өгөхдөө хурууны хээгээ таниулна. Хурууны хээг таниулахын тулд одооноос эхлэн сонгогчийн нэрсийн жагсаалт, тухайн сонгогчийн зураг, хурууны хээ зэргийг нэг бүрчлэн тулгаж, баталгаажуулах ёстой болж байгаа аж.

Тэдгээрээс нэн тэргүүнд хурууны хээ нь нууцын зэрэглэлд хамаарах чухал мэдээллийн баазад тооцогдож байна. Гэвч энэхүү мэдээллийн баазыг хэн хариуцаж Улсын бүртгэлийн ерөнхий газраас салган авч, Сонгуулийн ерөн­хий хороонд ирээд байгаа сонгогчийн нэрсийн жагсаалттай тулгах ажлыг хариуцаж хийх вэ гэх мэт нарийн асууд­луудыг хуульд онцгойлон зааж өгөө­гүй нь хэлэлцүүлгийн шатанд нэ­лээд маргаан дагуулсан. Сонгуу­лийн ерөнхий хорооны даргын тайлбар­ласнаар УИХ-ын сонгуулийн тухай хуу­лийг УИХ-аар баталж байх үед цахим үнэмлэхээр сонгууль явуулна гэж байсан. Тиймээс улсын маш нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийн баазыг хэн хариуцах вэ гэдэг асуулт хэнийх нь ч санаанд буугаагүй учраас энэ төрлийн заалт хуульд тусаагүй аж. Гэхдээ УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Үүнээс чухал асуудал бол сонгогч саналаа өгөхөд хурууных нь хээг таниулах явдал чухал байгаа. Тиймээс энэ асуудалд байнгын хороо гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой” гэсэн юм. Үүнийг  байнгын хорооны гишүүд санал нэгдэж, сонгогчийн гарын хурууны хээг таньж шалгах ажлыг Засгийн газар хариуцах ёстой гэж үзэн, энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон.

Харин иргэний үнэмлэх шинээр авах, гээж үрэгдүүлсэн иргэд сонгуулиа хэрхэн өгөх нь одоогоор тодорхойгүй байна. УБЕГ-аас лавлагааны хуудсаар санал өгөх нь зүйтэй гэсэн саналыг өгсөн ч Ардчилсан нам, МАН-ын зүгээс дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь 2008 оны УИХ-ын сонгууль лавлагааны хуудсаар санал өгч будлиантсан учраас долдугаар сарын 1-ний үймээн үүссэн гэж тэд үзсэн. Тиймээс энэ жилийн УИХ, НИТХ-ын сонгуулийг будилаан­гүй явуулах нь зүйтэй гэдэгт хоёр намын бүлэг нэгдсэн байр суурьтай байгаа юм. Харин лавлагааны хуудсаар санал өгөх эсэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой бус байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж