Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан хотын удирдлагууд өнөөдөр нийслэлийн тэргүүний татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хүлээн авч уулзсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр “Татвар төлөгчдийн бий болгосон таван төгрөгийг бодитой, үр дүнтэй ажил болгохын төлөө нийслэл, дүүрэг хичээн ажиллаж” буйг онцолжээ. Татвар төлөгчдийн мөнгөөр гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, байгаль орчныг доройтлыг арилгах, нөхөн сэргээх, нийслэл хотын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн томоохон ажлуудыг эхлүүлсэн аж.
2011 оны мэдээгээр нийслэл, дүүргийн татварын албад улсын төсөвт 213,6 тэрбум төгрөгийн, нийслэлийн төсөвт 165,4 тэрбум төгрөгийн, дүүргүүдийн буюу орон нутгийн төсөвт 50,7 тэрбум төгрөгийн татварын орлого оруулжээ. Энэ нь улсын төсвийн татварын орлогын 12,9 хувь, нийслэлийн 84,7, орон нутгийн 98,1 хувийг нийслэл дүүргийн татварын албад оруулсан гэсэн үг аж. Өнгөрсөн оны эхэнд нийслэлийн хэмжээнд 59147 татвар төлөгч хуулийн этгээд бүртгэлтэй байсан бол энэ жил 69137 болж, 16,9 хувиар нэмэгджээ.
Т.Жаргал