Төслийн хүрээнд МҮОНРТ-ийн 2-р сувгийг байгуулж, өдөр бүр Казах, Тува хэл, Буриад аялгаар 10 минутын мэдээ явуулж, 18-24 цагт нэвтрүүлэг дамжуулж байгаа гэв. Түүнчлэн дөрвөн аймгийн 10 суманд FM радио станц суурилуулж, “Нутгийн радио” байгуулсан байна. Таван аймгийн хэвлэх үйлдвэрүүдийн менежмент, маркетинг болон үйл ажиллагааны туршлага нэмэгдэж, шинэ арга барилд суралцсан нь цаашид орон нутагт хэвлэмэл материал бэлтгэх чадварыг дээшлүүлсэн аж. Төслийн явцад нийт 3147 хүн бичиг үсэгт тайлагдан, амьдрах ухааны сургалтад хамрагджээ. Мөн нийт давхардсан тоогоор сургууль завсардсан 3735, давхардаагүй тоогоор 1368 хүүхэд боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн зургаан удаагийн сургалтад хамрагдсанаас 244 нь ЕБС-д шилжин орж, 338 хүүхэд суурь боловсрол эзэмшиж, 40 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшиж гэрчилгээ авсан байна. Түүнчлэн энэ үйл ажиллагааг дэмжин хорин суманд “гэр сургууль”-тай болгожээ.
Төслийг Япон Улсын Засгийн газрын санхүүжилттэй “НҮБ-ын Хүний аюулгүй байдлыг хангах итгэлцлийн сан”-гийн тэтгэлгээр хэрэгжүүлсэн бөгөөд Үндэсний хэмжээний бодлогын семинарт уригдсан олон улсын хөгжлийн болон санхүүжүүлэгч байгууллагууд төслийн амжилтыг цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэх боломжийг эрэлхийлнэ хэмээн онцлов.