Гадаадын капиталыг шахах бодлого явуулж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Гадаадын капиталыг шахах бодлого явуулж байна гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болоод уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эл төслийг боловсруулах шатанд ажлын хэсэг нь гадаад улсын Засгийн газрын хяналтад байдаг байгууллага болон олон улсын байгууллага, түүний хяналтад байдаг байгууллага гэж заасныг тодорхой болгох, стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжийн Монголын талын хувь хэмжээ 51 хувиас доошгүй байна гэснийг энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн  нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээ 49 хүртэл байх бөгөөд илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ гэж өөрчлөлт оруулсан байна.  Мөн стратегийн ач холбогдол бүхий салбарт эрдэс баялаг, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо гэсэн зургаан салбар хамрагдаж байсныг эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хамааруулна хэмээн цөөрүүлсэн нь дэмжлэг хүлээжээ. 

Түүнчлэн УИХ-ын гишүүд “Стратегийн аж ахуйн нэгж нь аливаа бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авахдаа Монгол Улсад бүртгэлтэй үндэсний аж ахуйн нэгжид давуу эрх олгох журмыг баримтлах ба энэ журмыг Засгийн газар холбогдох стратегийн аж ахуйн нэгжтэй зөвшилцөн баталж, мөрдүүлэх” гэсэн санал гаргасан нь холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд дэмжлэг хүлээсэн байна.  Мөн УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Энэ хуульд заасан хэлцлийг хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн тухайн хэлцэлтэй холбоотойгоор нөгөө талд шилжүүлсэн төлбөрөөс Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу албан татвар суутгаж, Монгол Улсын төсөвт шилжүүлнэ” гэсэн саналыг гаргасны гишүүдийн олонх дэмжсэн талаар танилцуулга хийх үеэр онцолсон юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “1929 онд тэр үеийн УИХ гадаадын капиталыг шахан зайлуулах шийдвэр гарган Оросоос бусад бүх улсын хөрөнгө оруулагчдыг хоёр жилд хөөн гаргаж, түүнээс хойш Монгол ганц Зөвлөлтийн колони явсан. Энэ түүх дахин давтагдах вий.  Тухайн үед Коминтернийн заавраар гадаадын капиталыг шахан гаргах бодлого явагдсан. Одоо энэ ажиллагаа шинэ дүр төрхөөр гарч ирж байна. Ийм үр дүнд хүрэхийг мэдсээр байж яагаад байнгын хороо энэ хуулийн төслийг дэмжив. Ийм хууль гарснаар шударга хөрөнгө оруулагч огт ирэхгүй. Засгийн газартай ярьж зөвшөөрөл авна гэдэг нь авлига яригдана л гэсэн үг. Улстөрийн эрх мэдэл олж авсан хүмүүст л ашигтай байдаг шийдвэр. Малайз зэрэг улс үүнээс болж баларсан. Ийм хууль батлагдсан цагт Монголын эдийн засаг хүнд байдалд орж, сүйрнэ. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ” хэмээн асуусан юм. 

Аюулгүй, байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Э.Мөнх-Очир “Санаатайгаар байнгын хороонд суухгүй, Монгол Улсын эрх ашгийн асуудал яригдаж байхад эсэргүүцэж байгаа хүмүүс байгаа. Ажлын хэсэгт ч ордоггүй. Тэр хүмүүсийг гадны нөлөөнд орсон хүмүүс гэж хэлмээр байна. Энэ хууль батлагдсанаар улс орон эдийн засгийн хувьд хүнд байдалд орно гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хуулиар гадны хөрөнгө оруулагчдын хаалгыг хаагаагүй, эдийн засагт ямар ч сөрөг үр дагавар дагуулахгүй” гэв.  Харин төсөл санаачлагч гишүүдийн нэг С.Бямбацогт “Гадаадын хөрөнгө оруулалтыг 100 хувь хориглосон зүйл байхгүй. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах, хяналт тавина. 1990-ээд онд гадны хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг олгож байсан. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайжирч байгаа болохоор чаддаг салбартаа үндэсний хөрөнгө оруулагчдаа дэмжье л гэж байгаа. Яахаараа Монголын ард түмний өмчийг гадны хөрөнгө оруулагчид захиран зарцуулж байх ёстой юм. Баялаг ард түмний өмч юм бол бид яагаад мэдэж болохгүй гэж. Гадны хөрөнгө оруулалтыг зохицуулья л гэж хуулийг боловсруулсан” гэсэн тайлбарыг өглөө.

Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Заавал ийм хууль гаргах шаардлага байсан юм уу.  Монгол Улсын эдийн засагт гадаадын тодорхой орнуудын эзлэх хувь хэмжээ, экспортод гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээгээр хязгаарлаж болдоггүй юм уу” гэж байв. Харин төсөл санаачлагдын нэг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар “Хуулийг харахад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулдаг 20 гаруй салбар байдаг юм байна. Бид энэ хуулиараа гадны хөрөнгө оруулалтыг хааж боож байгаа юм биш. Зөвшөөрөл авдаг зохицуулалтад шилжих гэж байна. Манай оронд гадны хөрөнгө оруулалттай 514 аж ахуйн нэгж байгаа. Тэдний 277 нь 100 хувийн хөрөнгө оруулалттай, 237 хамтарсан компани байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм. Улмаар энэхүү төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж