Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн захирал Г.Баясгалангийн хэлснээр “Өвчтөний биеийн байдлыг сайжруулахын тулд өлсгөлөнг зогсоох шаардлагатай байгаа” аж.
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн талаар Эрүүл мэндийн яамнаас хоёр удаа тушаал гаргасан. Эхний удаад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч, Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг газар нь дээр үзлэг шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргасан байгаа. Энэ дүгнэлтийг холбогдох газруудад албан ёсоор мэдэгдсэн. Мөн хугацаа алдахгүй эмчилгээ үйлчилгээ, үзлэг шинжилгээ явуулах зорилгоор хоёр дахь ажлын хэсгийг байгуулсан. Энэ нь өмнөх ажлын хэсгийг өргөтгөж төрөлжсөн нарийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх багаж тоног төхөөрөмжтэй үзлэгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461 дүгээр анги дээр очиж зохион байгуулсан. Мөн эмч , эмнэлгийн мэргэжилтнүүд дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийн дагуу Н.Энхбаярыг Эрүүл мэндийн яамны харьяа Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт шилжүүлснээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хяналтан дор байгаа” гэлээ. Тэрбээр мөн МАХН-ын даргыг 461-р ангид байхдаа ч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хяналтан дор байсныг тэмдэглэсэн юм.
Дээрх мэдээллийг сонссоны дараа байнгын хорооны дарга А.Тлейхан хууль дүрмийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч, ажлаа эрчимжүүлэн анхаарал тавьж ажиллах үүрэг чиглэл өглөө.