Хүүхэд дайрсан Ш.Алтанхуяг хоригдож байна

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Хүүхэд дайрсан Ш.Алтанхуяг хоригдож байна

Нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны нутаг, 25 дугаар эмийн сангийн урд замд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд согтуу жолооч арван настай хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. УНИ 09-66 Toyota Land Cruiser маркийн автомашины жолооч хүүхдийг дайрч, 15 метр орчим зайд чирсэн нь Замын хөдөлгөөнийг хянах камерт бичигдэн үлдсэн уг хэргийн эзнийг Ш.Алтанхуяг гэдэг. Тэрбээр “Мон дулаан трейд” компанийн охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд осол гаргах үедээ 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байсан нь тогтоогдсон юм. 

Замын цагдаагийн газраас Ш.Алтанхуягийг тэр өдөрт нь эрүүлжүүлэх байранд шилжүүлж, 72 цагийн турш хорих шийдвэр гаргасан байдаг. Энэ хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд явааг Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч Б.Сүхбатаас тодруулахад, “Сэжигтэн Ш.Алтанхуяг өнөөдрийг хүртэл урьчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Баянзүрх дүүргийн мөрдөн байцаах газарт түүний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Түүнийг Эрүүлжүүлэх байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг ч мөн манай байгуууллагаас шалгаж байгаа” гэв.

Осол гарах үед машинаас нэгэн согтуу эмэгтэй гарч ирэн, газар хэвтэж байгаа хүүхдийг өшиглөсөн байдаг. Эх сурвалжийн хэлснээр ийм үйлдэл гаргасных нь төлөө түүнд ямар нэгэн хариуцлага тооцох эрх зүйн акт байдаггүй бололтой. 

Гэгээн цагаан өдраар архи хэтрүүлэн хэрэглэж, 10-хан настай хүүгийн алтан амийг хохироосон Ш.Алтанхуягт Эрүүгийн хуулийн  215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуультай юм. 

                                        Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж