Олимпийн ариун гал бадамлалаа

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Олимпийн ариун гал бадамлалаа

“Лондон-2012” олимпийн наадмын галт бамбарын аяллыг буухиалах олимпийн ариун галыг хэдхэн хормын өмнө Грекийн Олимп уулын хормойд, эртний олимпийн наадам болж байсан тэр түүхэн газарт бадамлууллаа. Улс төр, эдийн засгийн нөлөөллөөс ангид болох учиртай галт бамбар асаах ёслолд Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Себастьян Кое, ОУОХ-ны тэргүүн Жак Рогге тэргүүтэй 5000 гаруй хүн оролцсон байна. Галт бамбар долоо хоногийн турш эртний олимпийн өлгий нутгаар аялаад Их Британи арлыг зорих юм. Тодруулбал, тавдугаар сарын 18-нд “олимпийн нийслэл”-д ирж, Британи даяар 70 хоногийн турш аялсаар олимпийн наадмын нээлтийн өдөр гол цэнгэлдэхэд хүрэх учиртай.

Олимп уулын хормойд орших Хестиагийн сүмд мөнх бадамлан асч байдаг ариун галаас эх авсан галт бамбарыг Грекийн тал долоо хоногийн турш 43 хот болон Крит арлыг дамжин 3000 орчим км аялуулсны эцэст нийслэл Афин хотын цэнгэлдэхэд Их Британийн Үндэсний олимпийн хороонд хүлээлгэн өгөх ажээ.



С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж