![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/4/1672bc62231b8928/3d6dd0b011d93e4dbig.jpg)
УИХ-ын сонгуулиас урьтаж цахим үнэмлэх хэвлэгдэх боломжгүй болсон тул одоо ашиглаж байгаа иргэний үнэмлэхээр сонгогч саналаа өгнө гэдгийг энэхүү тогтоолд зааж өгчээ. Харин сонгогч санал өгөхдөө хурууны хээгээ таниулна. Хурууны хээг таниулахын тулд одооноос эхлэн сонгогчийн нэрсийн жагсаалт, тухайн сонгогчийн зураг, хурууны хээ зэргийг нэгбүрчлэн тулгаж, баталгаажуулах ёстой болж байгаа аж. Тэдгээрээс нэн тэргүүнд хурууны хээ нь нууцын зэрэглэлд хамаарах чухал мэдээллийн баазад тооцогдож байна. Гэвч энэхүү мэдээллийн баазыг хэн хариуцаж Улсын бүртгэлийн ерөнхий газраас салган авч, Сонгуулийн ерөнхий хороонд ирээд байгаа сонгогчийн нэрсийн жагсаалттай тулгах ажлыг хариуцаж хийх вэ гэх мэт нарийн асуудлуудыг хуульд онцгойлон зааж өгөөгүй нь хэлэлцүүлгийн шатанд нэлээд маргаан дагуулав. Сонгуулийн ерөнхий хорооны даргын тайлбараар бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-аар баталж байх үед цахим үнэмлэхээр сонгууль явуулна гэж байсан. Тиймээс улсын маш нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийн баазыг хэн хариуцах вэ гэдэг асуулт хэнийх нь ч санаанд буугаагүй учраас энэ төрлийн заалт хуульд тусаагүй аж. Гэхдээ УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Үүнээс чухал асуудал бол сонгогч саналаа өгөхөд хурууных нь хээг таниулах явдал чухал байгаа. Тиймээс энэ асуудалд байнгын хороо гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой” гэсэн юм. Үүнтэй ч байнгын хорооны гишүүд санал нэгдэж, сонгогчийн гарын хурууны хээг таньж шалгах ажлыг Засгийн газар хариуцах ёстой гэж үзэн, энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.