“Зэс эрдэнийн хувь” компанийнхан жагслаа

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

“Зэс эрдэнийн хувь” компанийнхан жагслаа

Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчид болох хэсэг хүмүүс өнөөдөр Төрийн ордны гадна жагслаа. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн 30 жилийн турш ашиглаагүй гэгдэх хаягдал хүдрийг ялгаж, зэсийн үйлдвэр байгуулахаар хоёр жилийн турш хөөцөлдөж байгаа хэмээж буй. “Зэс эрдэнийн хувь” компанийнхан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд мөн дээрх хүсэлтээ илэрхийлж, жагсаал хийж байсан бөгөөд тэр өдөртөө Төрийн өмчийн хороо тэдний хүсэлтийг хүлээн авч, 8А, 12 гэсэн хоёр овоолгыг “Зэс эрдэнийн хувь” компанид өгөхөөр шийдвэрлэсэн юм. Гэтэл яагаад өнөөдөр дахин жагсах болсон талаар нь “Зэс эрдэнийн хувь” компанийн ТУЗ-ийн гишүүн Д.Батбаяраас тодруулаа.

-Та бүхний хүсэлтийг 15 хоногийн өмнө шийдвэрлэсэн. Ямар учраас өнөөдөр дахиад жагсаал хийж байгаа юм бэ?

-Төрийн өмчийн хорооноос бидэнд “Эрдэнэт үйлдвэр” компанийн эзэмшлийн исэлдсэн зэсийн хүдрийн овоолгыг  түшиглэн уусган баяжуулах аргаар цэвэр зэс гаргах үйлдвэр байгуулахыг зөвшөөрсөн юм. ТӨХ-ны Тамгын газрын дарга Л.Ганбат “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ч.Ганзоригт 14 хоногийн дотор  бидэнд 8А, 12 гэсэн хоёр овоолгод туршилт судалгаа явуулах эрх олгож,  хамтран ажиллахыг даалгасан. Гэтэл үүнийг Ч.Ганзориг захирал хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

-Ч.Ганзориг захирал зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ?

-Оросын талаас хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариулт өгч байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монголын төр, 49 хувийг Оросын хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Ч.Ганзоригт Монголын Засгийн газрын  шийдвэр үйлчилдэггүй юм байна гэж бид ойлгож байгаа.

-Жагсаалаа хэр хугацаанд үргэлжлүүлэх вэ?

-Манай дарга нар Төрийн өмчийн хороо удирдах хүмүүстэй уулзаж байгаа. Төрийн байгууллагыг нэгэнт гаргасан шийдвэрийнхээ талд зогсоно байх гэж найдаж байна. Ямар ч байсан бид нааштай хариу өгтөл жагсаалаа үргэлжлүүлнэ.

Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж