Ослын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас өчигдөр /V.9/ 17.30 цагт ослын газарт хяналт шалгалт хийсэн байна. Барилгын ажил гүйцэтгэх явцад эхлээд гол даац авах баганын цутгалтын ажил хийж, бетон зуурмаг нь 70 хувийн бэхжилт авсны дараа дам нуруу, хучилтын хавтан цутгадаг аж. Гэтэл шалгалтаар барилгын угсралтын ажлын техногийг зөрчиж багана, дам нуруу, хучилтын хавтанг нэгэн зэрэг цутгасан, баганын цутгалт бүрэн хийгдээгүй 50 хувьтай, дам нуруунуудыг цутгаагүй байхад хучилтын хавтангуудыг 100 хувь цутгаж, ажиллах боломжгүй байсан багана, дам нуруунд ачаалал өгснөөс болж нуралт үүссэн нь тогтоогдсон байна. Мөн барилгын зураг төсөл, улсын экспертизийн албаар хянагдаагүй, барилгын талбай дахь зураг төсөлд зохиогчид гарын үсэг зурж баталгаажуулаагүй, барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж буй Т.Чойжав даамалтай бригад нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байжээ.
Цаашид барилгын нурсан хэсэг болон суурийг бүрэн буулгаж, зайлуулах юм байна.