Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Соёлын яамтай болъё

Төрийн томчууд оноо цуглуулах гэж ард иргэдтэйгээ их уулзах юм. Тэд нийгэмд тулгамдаж байгаа асуудал, эдийн засгийн өсөлт, ядуурал гэсэн өнөөх л яриад сурчихсан сэдвээрээ, өсч байна, буурч байна гэж ярьцгаалаа. Тэдний ярианд Монголын соёл урлагийн салбар хөгжиж байна, урлагийнхаа салбаруудыг хөгжүүлнэ гэсэн ганц ч үг, өгүүлбэр цухалзсангүй. Улс орны гадаад харилцаа, эдийн засгийн хөгжлийг бий болгодог гол хүчин зүйлүүдийн нэг соёл урлаг гэдгийг манай улс төрийнхөн даан ч мэддэггүй нь харамсалтай.

Аливаа улс оронтой харилцаа тогтоохдоо эхэлж тухайн улсад гэрэл зургийн болоод дүрслэх урлагийн үзэсгэлэн гаргаж, эсвэл урлагийнхаа тоглолтыг үзүүлдэг уламжлал бий. Өөрийн үндэсний болоод, орчин үеийнхээ урлагийн гайхамшгийг тухайн улс оронд мэдрүүлж хамтран ажиллах гүүр тавигддаг ёсыг манай шинэ үеийн улстөрчид мэдэхгүй байна уу даа. Хөдөө хотгүй хэдэн театр. номын сан, музей бий гэсэн ойлголттой байх шиг байна. Өнөөдөр Монголын сонгодог болоод ардын урлагийн төрлүүд ЮНЕСКО-д бүртгэгдэн дэлхийн соёлын өвд түрүүчээсээ хадгалагдаж байна. Энэ нь Монгол орноо таниулж байгаагийн нэг жишээ. Сүүлийн гурван жил дараалан манай гурван дуучин дэлхийн урлагийн олимп гэгдэх М.Глинкийн, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас тэргүүн байрын шагналыг авч эх орныхоо нэрийг дуудууллаа. Энэ нь монголд сонгодог урлаг хөгжиж, авъяастнууд төрж байгаагийн жишээ биш гэж үү. Урлаг мэдэхгүй хэсэг хүмүүсийн хуйвалдаанаар Ази тивдээ ганц гэгдэх барилгатай Үндэснийхээ циркийг тараачихсан. Одоо шинэ үеийн хүүхдүүд циркийн урлаг гэдгийг мэдэхгүй өсч байна. Өнөөдөр “Морин хуурын чуулга”-ыг НҮБ-ын чуулганы танхимд тоглуулж, олон улс орон уртын дуучдыг маань урьж том уралдаан тэмцээний нээлтэд  дуулуулж  байгааг юу гэж хэлэх вэ. Манай театрууд дэлхийн сонгодогуудыг Азийнхан дотроо анх удаа өөрийн тайзнаа тавьсныг гадныхан гайхдаг. Монголын урлаг ингэж хөгжиж ирсэн юм. Өнөөдөр манай уран бүтээлчид аль нэг аятай хандсан компаниас хандив хүсч бор зүрхээрээ авьяасаа таниулж явна. Өнгөрсөн намар Морин хуурын чуулгынхан НҮБ-ын чуулганд тоглохоор явах болоход зардал хүрэхгүй гээд тал бүрэлдэхүүнийг нь хасч байх вэ дээ. Нөгөө байх ёстой бүрэлдэхүүн дутуу болохоор сүргүй их л жул байсан гэдэг. Үүнийг урлаг мэдэхгүй дээд хүмүүсийн шийдвэр гэж хэлж болно. Тухайн үед Монгол Улсын Соёлын яам соёл урлаг, боловсон хүчнийхээ бодлогыг дэндүү сайн барьж байсны жишээ их. А.Александровын чуулга, И.Моисеевийн бүжгийн чуулгуудтай эн зэрэгцэх Ардын дуу бүжгийн чуулга, Цэргийн ансамблийн жүжигчид дэлхийн улс орнуудад тоглож Европ тивийн нүд тайлсан үзэгчдийг шагшруулж явсан үеийг түүх гэрчлэх бизээ.

Манай улс парламентын засаглалтай болонгуутаа нийгмийн гол салбар соёлын бодлогоо хөгжүүлэх Соёлын яамаа татан буулгачихсан. Тэгээд БСШУ-ны яам болгож гурван том салбарын асуудлыг нэг яаманд нэгтгэчихсэн нь тухайн үедээ соёл урлагийн салбарынхны сэтгэлийг гонсойлгосон билээ. Боловсрол, шинжлэх ухаан гэсэн хоёр том салбартай соёл урлагаа нийлүүлээд хольчихсон. Тэгээд дотор нь Соёл урлагийн бодлогын газар, Соёл урлагийн хороо гэсэн агентлаг маягийн бүтэцтэй хэдхэн ажиллагсдыг соёл урлагтаа хөрөнгө зарцуулах мэдлээр нь боочихсон гэж хэлж болохоор. Соёлын тухай хууль гэж бий. Энэ хуулийг баталсан хүмүүс дотор соёл урлагийн тухай ойлголттой, түүний хэтийн хөгжлийн тухай санаа тавьсан хүн цөөхөн байсан гэж болно. Хөдөөд гэхэд ердөө л  нөгөөх номын сан, соёлын төвийн засвар, төдийхөнд мөнгө төлөвлөнө. Номын сангууд фондондоо ном авах, музейдээ шинээр үзмэр нэмэх гэхэд мөнгө хүрдэггүй гэж ярьдаг. Тэр авч чадаагүй үнэт эдлэлийг нь гадны хүн аваад зарчих жишээтэй. Өнөөдөр дэлхийн хүмүүс монголоод анхаарлаа хандуулж байна гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хэлсэн. Тэд монголын түүх соёлтой танилцах гэж ирнэ. Соёлт хүмүүс тухайн очсон орныхоо музейгээр нь эхэлж ордог ёс бий. Соёл гэдэг нийгмийн бүх салбарт хамаарагддагаараа бусдаас онцлогтой. Тиймээс Монгол улс Соёлын яамтай болох, нэгдсэн бодлогоор соёл урлагаа  хөгжүүлэхийг шинэ зууны цаг үе шаардаж байна. Үүнийг намууд хөтөлбөртөө тусгаж, шинэ парламент шийдвэрлэх л үлдэж байна. Өнөөдөр ОХУ-ын жижигхэн үндэстнүүд хүртэл соёлын яамтай байх юм. Энэ нь үндэстний бодлого. Дэлхий дахинд ардчиллыг хөгжүүлж байгаагаараа гайхагдаж, эдийн засгийнхаа хөгжлөөр хурдацтай яваа Монгол Улс Боловсрол гэгч том салбарын суганд соёлоо хавчуулаад явах нь зүйд хэр нийцэх вэ.

Н.ЛХАГВА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж