Өмчийн газар яагаад бултаад хойш суугаад байна вэ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Өмчийн газар яагаад бултаад хойш суугаад байна вэ

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв гэж нийслэлийн өмчийн байгууллага бий. Энэ төвийг нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр менежментийн үр дүнг харгалзан хувьчлах тендер зарлаж, шалгарсан багтай нь 2009 онд гурван жилийн гэрээ байгуулсан юм. Гэрээний хугацаа дуусч ажлыг нь дүгнэхэд хангалттай сайн гэсэн үнэлгээ авчээ. Гэвч үр дүнг харгалзан хувьчилна гэсэн Нийслэлийн өмч хувьчлалын комисс үүнийхээ эсрэг шийдвэр гаргаж гэрээг дахин нэг жилээр сунгахаар болсон гэнэ. Гэхдээ одоо болтол гэрээ хийгдээгүй. Хэрэв тэдний хэлснээр дахин гэрээ хийвэл Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв, Нийслэлийн өмчийн харилцааны газар аль аль нь хууль зөрчиж таарах юм билээ. Хууль зөрчин ийм шийдвэр гаргаад зогсохгүй гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй гэдийж буй НӨХГ-ынхныг ойлгохгүй хүн олон байна. Тиймээс энэ төвийг ямар ч аргаар хамаагүй ажиллуулахгүй байх үүрэг авсан юм биш биз хэмээн хардаж эхэлжээ. Эмнэлэгт нь гэхээсээ газарт нь шунасан бэл хөрөнгөтэй, бэлчээр томтой дээдсийн хийж буй ажил гэх нь ч байна. Өмчийн газрынхан тус төвийг хувьчлахгүй гэдийх шалтаг удаан хайсны эцэст төсөвлөж өгснөөс нь илүү хөрөнгө оруулсан хэмээн буруутгаж буй гэнэ. 

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хийх хөрөнгө оруулалтын хэмжээнд  Нийслэлийн өмчийн харилцааны газар босго тавьж өгсөн гэнэ. Гэвч гурван жилийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хүн ардыг эмчилж анагаахын тулд цаасан дээр тавьсан тооноос нь хэтрүүлж хөрөнгө оруулахаас аргагүй байсныг огт тооцохгүй байгаа нь үнэхээр гайхалтай. НӨГ эднийхийг эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчлэхэд 7.0 сая төгрөг л зарцуул гэжээ. Долоон сая төгрөгөөр эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчилнэ гэдэг ёстой нөгөө харганын ноосоор эсгий хийхийн үлгэр гэдгийг эмийн үйлдвэрлэл явуулдаг захын компаниар ороход хэлээд өгнө. Тус төвийн ашиглаж байсан тоног төхөөрөмжөөс нь тордоод явчихъя гэхэд үндсэндээ байхгүй байсан аж. Энэ тухайгаа Нийслэлийн өмчийн газарт тодорхой тайлагнасан юм билээ. 90 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан гэдэг л ямар хэмжээний шинэчлэл хэрэгтэйг харуулах том баримт. Нөхцөл байдал ийм байхад долоон сая төгрөгөөр ямар шинэчлэл хийх билээ дээ. Дээрээс нь тус төвийнхөн эмчилгээ үйлчилгээний чанарыг дээшлүүлэхээр гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчлэхэд 235 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ингэсний ачаар одоо нано технологийн түвшинд эм үйлдвэрлэж байна. Элэгний В, С вирусийг эмчилж байгаа эмүүд нь ийм нарийн технологийн түвшинд гарч байна гэсэн үг аж. Эдний ашиглаж байгаа тоног төхөөрөмжтэй адилхныг урд хөршөөс хямдхан авчих боломж байдаг гэнэ. Гэхдээ гаднаас нь харахад адилхан ч гаргаж байгаа бүтээгдэхүүн нь тэс өөр. Эм нунтаглах төхөөрөмж нь л гэхэд зөвхөн нухаж нүдээд зогсохгүй, хүнд металл, элдэв эмийн хольцыг ялгах маш нарийн технологитой. Эмийн үйлдвэрлэлд нарийн технологи ашиглахгүй бол эм биш хор болох нь мэдээж. Гэтэл энэ байдлыг ойлгохыг үл хүсэгч Нийслэлийн өмчийн газрын хурган дарга нар долоон саяас хэтрүүлж өндөр үнэтэй төхөөрөмж авах гэлээ хэмээн Элэг судлалын клиник төвийнхнийг буруутгаж байгаа гэнэ. Хямдыг нь хараад хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж мэдэх эм нэртэй зүйл үйлдвэрлэх бөх зүрх энэ эмнэлгийнхэнд байхгүй нь монголчуудын аз юм даа.

Лабораторийнх нь тухайд ч хэлэх үг бий. 2009 он хүртэл дөрвөн төрлийн шинжилгээ авч нийт 31 үзүүлэлтээр гаргадаг байсныг тус төвийнхөн шинэчлэл хийснээр орчин үеийн аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар нарийвчилсан 70 үзүүлэлтээр шинжилгээ хийдэг болсон гээд эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмжийн хувьд үнэхээр дэвшил гарчээ.

Эмнэлэг сувиллын барилга байгууламжид их засвар хийх болон шинээр барьж байгуулахад 26 сая төгрөг зарцуул гэсэн бас нэг тоо байна. Зайсанд байдаг хуучнаар Ясны сүрьеэгийн эмнэлэг байсан улаан байшин 1950-иад оных. Гэтэл орон сууцны гурван өрөө байранд засвар хийж хүрэхтэй үгүйтэй мөнгөөр бүхэл бүтэн эмнэлэг сувиллын байранд их засвар хий, бас болоогүй шинээр барь хэмээн Өмчийн газрынхан лүндэн буулгасанд нь гайхах ч багадаж буй юм. Клиник төвийнхөн 930 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 1950-иад онд барьснаас нь хойш их засвар хийж байгаагүй, элэгдэж муудсан хуучин байшингаа өөд татаж, үйлчлүүлэгчид тохь тухтай эмчлүүлж сувилуулах нөхцөл бололцоог хангах зорилгоор шинээр эмчилгээний заалны цогцолбор байгуулсан юм билээ.

Энд онцолж оруулахаас аргагүй бас нэг тоо байна. Өмчийн газрын их мэдэгчид ЭХО аппаратаа шинэчил гэж эднийд 6.0 сая төгрөгийн лимит өгчээ. Захын хувийн эмнэлэгт өнөөдөр ийм үнэтэй ЭХО тоож хэрэглэхээ больсон цаг. Тиймээс тэд 4D гэсэн тодотголтой аппарат авчээ. Зах зээлийн үнэ нь 60 сая. Хамгийн гол нь үнийн зөрүүнээс гадна үзэж шинжилж байгаагийнх нь чанар эмчилгээ оношлогооны шаардлага хангасан байх ёстойг бодолцсон байна. Гэтэл одоо зургаан саяар биш 60 саяар орчин үеийн аппарат авч оношлогооны чанарыг олон улсын түвшинд хүргэсэндээ тус эмнэлгийнхэн буруутаж буй аж.  

Нийслэлийн өмчийн газраас тавьсан тооны дагуу хөрөнгө оруулсан бол Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв менежментийн гэрээгээр хүлээсэн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг илт мэдэгдэхүйц сайжруулах үүргээ хэзээ ч биелүүлж чадахгүй.  Харин ч эсрэгээрээ ажил нь унаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг шалтгаанаар нийслэлд өмчийг нь буцааж өгөхөд хүрэх байсныг үгүйсгэх аргагүй. Тиймээс тогтоосноос нь илүү хөрөнгө оруулалт хийж байгаа шүү гэдгээ Нийслэлийн өмчийн газраас томилогдсон төлөөлөгчид мэдэгдэж бизнес төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа хийж ирсэн гэнэ. Гэтэл эднийхийг хариуцдаг Өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч байн байн солигдоно. Эхлээд Алтансүх гэдэг залуу байж. Дараа нь Оюунсувд гэдэг эмэгтэй болсон гэхчилэн өөрчлөгдөх бүртээ тус төвийнхний гурван жилийн турш шат дараалан хийсэн бүх ажлыг “Урьд нь танилцаж байгаагүй, үзэж хараагүй учраас би мэдэхгүй” гэж шалтаг тоочин мэдэн будилах нь хамгийн түвэгтэй. Эрх мэдэлтнүүд ч уухайн тас “Хариуцсан төлөөлөгч нь хүртэл мэдэхгүй байхаар би яах билээ, мэдэхгүй шүү дээ” гэсэн жижүүрийн хариулт өгч асуудлыг шийдэхээс бултаж ирсэн. Олон солигдсон төлөөлөгчийн дунд  Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзоригийн туслахаар ажиллаж байсан Шинэхүү гэгч хальт томилогдож байсан гэдэг. Гэтэл эрх мэдэлтнүүдэд хэрэгтэй хувьчлалыг Нийслэлийн өмчийн газрынхан яаж хурдан хугацаанд амжуулдгийг олон нийт олон жишээн дээр мэднэ. Харин олон түмэнд хэрэгтэй тустай зүйл хийж байгаа, элэг хэмээх эмзэг эрхтнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн энэ эмнэлгийн хувьчлалын асуудлыг шийдэхэд юунаас болоод хойш суугаад байгаа юм бол. Хөрөнгө оруулалтыг зориуд багаар хийлгэж, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг  унагах сонирхол эхнээсээ яваад байсан юм биш биз ээ.

Н.ГЭРЭЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж