-Тоглоход бэлэн үү?
-Яах вэ, болох байх.
-Дуу султай байх чинь, ямар нэгэн тааламжгүй зүйл байна даа, тийм ээ?
-Хувийн бэлтгэл гайгүй ээ. Эртнээс төлөвлөж, графикийн дагуу бэлтгэсэн болохоор тоглолтын хувьд айхгүй байна, чадна. Харин тоглолт зохион байгуулахад асуудал их байх юм. Хэдийгээр баг ажиллаж байгаа ч гэсэн би өөрөө тайван тоглолтдоо л анхаараад сууж болохгүй байна.
-Чухам юу нь хэцүү байна?
-Заал танхим, үнэ ханш гэдэг чинь ямар ч аймаар юм. Урьд урьдынхаас улам хэцүү болжээ. Бүр санаагаар унамаар. Тэглээ гээд үзэгч, сонсогчдодоо зориулж бэлтгэсэн зохиолуудаа дараад суугаад байлтай биш.
-Ямар ч байсан дайраад гарна гэж үү?
-Харин тийм.
-Тоглолт тань хоёр хэсгээс бүрдэж байгаа юм байна. Эхний хэсэгт Ф.Шопений ноктюрн, скерцо тоглох нь. Өмнө нь вальсуудаас нь тоглож байсан. Энэ удаа өөр төрлөөс нь сонирхуулья гэж боджээ?
-Тэгсэн. Шопен нийт дөрвөн скерцо зохиосон байдаг. Тэднийг цугт нь цикл болгож тоглох гэж байгаа юм. Тэгвэл нэгэн цогц болох болов уу. Заавал цугт нь тоглох ёстой гэсэн хатуу дүрэм байхгүй л дээ, нэг нэгээр нь, эсвэл хоёрыг нь нэг дор тоглож болно. Гэхдээ бүгдийг нь цуг хүргэвэл үзэгчид Шопенийг таньж мэдэхэд илүү нэмэр болно гэж үзсэн юм.
-Вальсууд нь хөнгөхөн, богино хэмжээтэй байдаг юм билээ. Скерцо хэмээх төрлийн зохиолуудынх нь онцлог юу вэ?
-Скерцууд нь бие даасан шинжтэй. Симфони, сонат хэмээх том хэлбэрийн бүтээлийн бүтэцтэй энэ тэнцэхүйц чанартай. Монголчилбол “хошигнол” гэсэн утга илэрхийлдэг. Эдгээр 10-14 минутын зохиолуудаараа Шопен эрс шийдэмгий байдал, сэтгэл хөдөлгөсөн, гүн гүнзгий, зогсолтгүй өрнөх хөдөлгөөн, гайхалтай уянгын халил зэргийг төгс илэрхийлж чадсан.
-Хоёр ноктюрн байгаа юм байна. Энэ бас өөр өнгө аястай байх даа?
-Ноктюрнийг “Үдшийн дуу” гэж хөгжим судлаачид тодорхойлсон байдаг. Үнэхээр ч ийм сэтгэгдэл төрүүлэхүйц зохиолууд. Ф.Шопен 1827-1846 оны хооронд нийт 21 ноктюрн бичсэн. Дан төгөлдөр хуурт зориулсан энэ бүтээлүүд нь аялгууны хувьд маш баялаг. Төгөлдөр хуурт зориулсан жижиг хэлбэрийн зохиолын хамгийн шилдэгт тооцогддог.
-Тоглолтын хоёрдугаар хэсэгт П.И.Чайковскийн төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан нэгдүгээр концертыг бүтнээр нь буюу гурван ангиар нь тоглох юм билээ. Та урьд нь тоглож байсан байх аа?
-Тийм ээ. Энэ зохиолыг тоглох бүрт шинэ зүйл мэдэж, мэдэрч байдаг. Тиймээс хэдэн ч удаа тоглосон болно. Бид энэ тоглолтын бичлэгийг DVD болгоё гэж зорьж байгаа. Бичлэг хэр сайн болохыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Чанарын шаардлага хангавал болгоно. Тийм болохоор энэ концертыг заавал тоглох болсон.
-Гоё, сүр жавхаатай бүтээл шүү?
-Хэлээд яах вэ. Би маш дуртай, хэзээ ч уйдахгүй.
Б.Зоригт: Манай шавь Нюрнбергт сайн тоглосон
Үйлс бүтээл нь үргэлж гялалзаж байдаг, ажил хэрэгч уран бүтээлчийг “хормойдлоо”. ХБК-ийн цохивор хөгжмийн багш Б.Зоригтын шавь Золжаргал Герман улсын Нюрнберг хотод болсон дөрвөн цохиураар тоглодог маримба хөгжимчдийн олон улсын уралдаанд хэрхэн оролцсон талаар сонирхож ярилцлаа.
-Морь хурдан уу, багш аа?
-Тун дажгүй. Шагналт байрт орж чадаагүй ч ийм уралдаанд Монголоос анх удаа оролцож, есэн орны 15 хөгжимчнөөс тавдугаар байр эзэлснийг тааруу оролцлоо гэх аргагүй. Баяр хүргэхээр амжилт гэж бодож байгаа. Тэгээд ч уралдааны ерөнхий шүүгч нь маримба хөгжмийн дэлхийн нэг номерийн тоглооч хэмээн энэ хүрээнийхэн үнэлдэг Муска байсан. Тэр өөрийнхөө нэртэй цохиурыг манай Золжаргалд бэлэглэсэн болохоор сайн тоглолоо гэж үнэлсэн гэж ойлгосон. Энэ хүн бол орос гаралтай, Германы Штутгартад амьдардаг мундаг хөгжимчин. Орчин цагийн маримба үйлдвэрлэлээр тэргүүлэгч Америкийн компани цохиур дээрээ шилдэг цохивор хөгжимчдийн нэрийг бичдэг уламжлалтай юм байна. Тэр дагуу Мускагийн нэрийг энэ цагийн хамгийн шилдгээр нэрлэж, цохиур дээрээ бичиж алдаршуулдаг юм байна. Тэр цохиур манай шавь бид хоёрт их том шагнал болсон. Манай Золоогийн өрсөлдсөн 17-18 насны ангилалд зөвхөн тэргүүн байр эзлүүлж, хоёр, гуравдугаарт хэнийг ч шалгаруулаагүй байсан. Түүнээс харахад нэлээд хатуу шалгууртай уралдаан юм гэж ойлгосон.
-Аливаа уралдаан, наадамд оролцсон уран бүтээлчид шагнал урамшууллын зэрэгцээ санаа сэдэл, шүүмжлэл зэрэг олз омогтой ирдэг. Та хоёрын хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Чухал асуулт байна. Тэнд 17-18 насны ангилалд өрсөлдсөн хүүхдүүд л гэхэд 10 жил цохивор хөгжим тоглосон байх юм. Тэгэхэд манай Золоо суралцаж эхлээд зургаан жил болж байдаг. Энэ нь манайх хүүхдээ орой элсүүлж авч байгаатай холбоотой. Энэ тухай би сургуульдаа хэлж ярьж байгаа. Бусад орныхонтой адил багаас нь сургаж эхэлбэл сайн юм байна.
-Германаас ирээд шууд Бээжинд тоглосон. Цохивор хөгжимчид маань ямар бүтээлээ сонирхуулав даа?
-Бээжингийн “Сувдан” театрт тоглосон. Үнэхээр гоё театр байна билээ. Бидний тоглолт үзэгчдэд их таалагдсанд баяртай байгаа.
-Танай чуулга ямар бүтээлээ тоглов?
-Урын сангийнхаа шилдэг бүтээлүүдээс хүргэсэн. Н.Жанцанноровын “Хутагтын сахиус”, Ж.Бизе-Р.Щедриний “Кармен” сюитээс тоглосон.
-Ямар гоё сонсогдоо бол…
-Үзэгчид талархаж хүлээж авсан. Хятадууд баярлаж байгаагаа илэрхийлэхдээ нэг үг хэлдэг юм билээ. Түүнийгээ байн байн хэлж хашгиран баяр хүргэж байлаа. Сайхан санагдсан.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин