![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/10/8ea47616f1bb65f6/b0b16789eb3f0e45big.jpg)
Тухайлбал, усны нөөцийг бохирдуулсан иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-20 дахин, албан тушаалтанд 10-30, аж ахуйн нэгжид 30-50 дахин нэмэгдүүлсэн торгуулийг ногдуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Үүнээс гадна хохирлыг нөхөн төлүүлэх бөгөөд байгаль экологийн үнэлгээгээр хэдий хэмжээний хохирол учирсан байна, тэр хэмжээгээр нь нөхөн төлбөр ногдуулах нь. Байгальд учруулсан хохирлын хэмжээ хэдэн арван саяар тогтохгүй байж болно гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар хэлсэн. Өөрөөр хэлбэл усны нөөцийг бохирдуулсан этгээдэд ногдуулах шийтгэл хавсарсан байх нь.
Өнөөдөр нэг литр усны үнэ 0.15 мөнгө байгаа бол хууль батлагдан гарснаар нэг литрийг нь 60-150 мөнгөөр үнэлэх аж. Ингэж байж усыг үр ашигтай, бохирдол багатай ашиглах механизм руу шилжүүлнэ гэж салбарын сайд нь хэллээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Оюутолгой компани өөрийн хөрөнгөөр гүний усыг хайж олбол түүнийгээ ашиглах эрхтэй, бас бусад аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулах эрхтэй. Энэ компанид гэрээгээр олгосон тэр эрх энэ хууль батлагдсанаар өөрчлөгдөх үү гэж лавласан юм. Ажлын хэсгийн зүгээс гэрээгээр энэ компанид усыг ашиглах талаар эрх өгсөн. Энэ гэрээ өмнөх хууль эрх зүйн хүрээнд хийгдсэн. Гэхдээ гэрээнд усны төлбөрийн хэмжээнд чөлөөтэй зохицуулалт хийх заалт тусгагдсан. Усны үнэ нэмэгдэхээр төлбөрийн хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр усаа үр ашигтай, бохирдол багатай зарцуулахад шахалт үзүүлэх боломжтой болно гэж хариулав. Харин эл төслөөр гишүүдээр санал хураалгахын өмнө УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ус үнэтэй болохыг онцлов. Тэрбээр “Усны асуудлаар зарчмаа зөв тодорхойлох хэрэгтэй. Усаа зөв, үр ашигтай хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгжид төрөөс хөнгөлөлт үзүүлдэг баймаар. Бусад үед усны үнэ цэнэ зах зээлийнхээ харилцаанд нийцсэн байх ёстой. Ус алтнаас үнэтэй. Алтыг хэрэглэхгүйгээр хүн 100 жил амьдарна. Харин усгүйгээр нэг өдрийг ч өнгөрүүлэхэд бэрх. Энэ бүхнийг бодолцон усны асуудалд хандмаар байна. Усыг хэн бохирдуулж байна тэр хариуцлагаа хүлээх зарчим бол маш чухал. Мөн усанд хэмнэлттэй, хяналттай, шинжлэх ухааны үүднээс хандах зарчмыг нэгтгэн цогц байдлаар шийдвэл усанд хандах хандлага өөрчлөгдөнө” хэмээн хэлсэн юм. Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн 84.3 хувь нь дэмжсэн юм.