“Махгүй мал” буюу Монгол мал

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

“Махгүй мал” буюу Монгол мал

Өлсөхөөрөө уурладаг хүн байдаг. Мах идэхгүй бол бүр ч их бухимддаг. Монголчуудын олонхийн араншин ийм байх. Арга ч үгүй биз, эрс тэс ийм уур амьсгал, газар нутгийн нөлөө бидэнд хүнсний ийм хэрэглээг тулгадаг байж мэднэ. Гэхдээ манайд махны хэрэглээ бүр задгайрчихсан. Уламжлал талаасаа гэвэл хүйтэн сэрүүний улиралд махаа түлхүү хэрэглэж, зун намрын цагаар цагаан идээгээ голлодог байсан гэх юм билээ.

Дархан монополь үнэтэй, валютын ханшийн өөрчлөлтөд өртдөггүй бүтээгдэхүүн гэвэл манайд мах л байна. Энэ өвөлжин хаваржин махны үнэ “галзуурч” байна. Одоо гэхэд ямааны кг мах 5000 төгрөгөөс давж, үхрийн мах 8000 төгрөгт эргэлдэж байна. Энэ бол монгол хүний санаанд багтахааргүй өндөр үнэ. Эрэлтийг далимдуулсан ийм үнэд хот суурин газрынхан халаасаа сэгсэрч байна.
 
Монголчуудын дундаж цалин 450 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооныхон тогтоожээ. Гэхдээ энэ бол харьцангуй үзүүлэлт. Дарга даамлуудын цалин мэдээж өндөр. Хот тохижуулахын үйлчлэгч нар гэхэд 300 мянган төгрөг, төрийн өмчит гайгүй компанийн хуулийн ажилтан гэхэд 370 мянган төгрөгийн цалин авч байх жишээтэй.

Хувийн хэвшлийнхэн үүнээс нэг их дээрдээд байхааргүй. Харин тэтгэврийн дундаж хэмжээ 140 мянган төгрөг. Тэгэхэээр авдаг хэдийнхээ бараг тэн хагасыг маханд тавиад туучихна гэсэн үг. Мах үнэтэй байна гээд хэдэн халтар төгрөгөө чанаад идэхгүйгээс хойш хоногийнхоо хоолны махыг авч л таарна. Энэ бол хэрэглэгчдэд ирж байгаа тулгалт.

Юм ховор байх тусмаа үнэд ордог. Харин мах ховор байна гэж хэлэх нь нэг л үнэмшил багатай сонсогддог. Хүчит шонхор захад өглөө орой хэзээ ч очсон мах шиг элбэг юм нэгээхэн ч үгүй. Төр засгаас ямаа хонь, ноос үсэнд мөнгө өгч байгаа, оюутнуудынх нь сургалтын төлбөрийг улсаас төлчихөж байгаа болохоор малчдын хувьд малаа мах болгох хэрэгцээ бага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь мах ховордох шалтгаан болоогүй.

Өнгөрсөн жил Монгол Улс 36,5 сая мал тоолуулжээ. Тоон талаасаа бол сайхан л сонсогдож байна. Хүнээсээ хэд дахин олон малтай хэрнээ мах нь магнаг болчих гээд байдагт л асуудлын гол байгаа юм. Хямд чанартай махаар хангаж чадахгүй, сааль сүүг нь хүртэж чадахгүй бол энэ олон малаар яах билээ. Ориг сүү олоход хэцүү л байгаа шүү дээ.

Монголын мал аж ахуй одоо тоо толгойг шүтэж хөгжиж байх шиг байна. Мах сүү, ноос ноолуур гэхчлэн ашиг шимээр сайн биш. Хөдөөнийхөн малынхаа тоогоор уралдаж, зиндаархдаг болсон гэх юм билээ. Гэвч энэ бүхэн тэдний хэрэг.

Харин хамгийн чухал нь махны эрэлт нийлүүлэлтийг жигд хангах арга хэлбэр, чанар чансааны тухай юм.

Мах бол монголчуудын хувьд стратегийн бүтээгдэхүүн.  Хүртээмж, эрүүл ахуй  гээд аль ч талаасаа. Харамсалтай нь манайд  бүх юм урсгалаараа, удирдлага төлөвлөлт, хараа хяналтгүй  явагдаж байна. Монголчуудыг махтай байлгах эсэх, үнэ ханш гээд бүгд хэдэн ченжийн дур зоргын хэрэг болчихоод байгаа. 

Махны нэг онцгой шинж бол эрэлт ямагт өндөр байдаг явдал. Өндөр үнэ чухам үүн дээр л хөллөдөг. 

Өмнөх нийгмийн үед махны хангалтыг одоогийнхоос огт өөр хэлбэрээр хийдэг байсан. Туувраар тарга хүч авахуулж үйлдвэрийн аргаар нядалж боловсруулж, борлуулдаг байлаа. Харин одоо малыг малчны хотоос хэрэглэгчийн аманд хүргэх зам урт удаан, олон гар дамждаг болсон. Нэгээс нөгөөд дамжих бүрт үнэ ханш улам өсч анхны үнээ бараг дахин дахин нугалдаг гэсэн. Ойролцоогоор 4-5 ченжийн гар дамжиж баймаажин сая бидний хоолой давдаг юм байх. Махны хангалтыг өнөөгийн арга хэлбэрээр зохицуулж байгаа нөхцөлд эрүүл ахуй, ариун цэвэр гэсэн ойлголт огтхон ч байхгүй. Сайндаа л хүнсний захын малын эмч нэг тамга дардаг байх. Завханд галзуугаар үхсэн үхрээ өвчөөд аймгийн төвийн цайны газруудаар түгээж байна гэх  мэдээлэл гарч байсан. Энэ бол хаана ч байдаг л явдал байх. Чанаргүй муу махыг машиндчихсан байхад аль ч цайны газар булаалцалдаад авна. Махны хэрэглээ хүрэлцээ хийгээд эрүүл ахуйн талаасаа иймэрхүү янзтай байна.

Монгол малын мах урагшаа Эрээн, умардад Уралаас цааш давдаггүй шалтгаан нь ердөө л эрүүл ахуйн шаардлагыг хангаж чаддаггүй явдал. Өмнөх нийгмийн үед малаа эрүүлжүүлэх цогц бодлогыг социалист орнуудын оролцоотойгоор хэрэгжүүлдэг байлаа. Жил бүр бүх малыг вакцинжуулж, тарилга угаалгыг нь тогтмол хийдэг байсан. Одоо ийм юм байхгүй болсон. Хааяа нэг халдварт өвчин гарсны дараа л алаг цоог вакцинжуулалт хийж байна.

Нүүдлийн мал аж ахуйн нэг дутагдал нь малын ашиг шим муу, эрчим багатай аж ахуйн хэлбэр юм байна. Махны гарц бага хэрнээ өртөг зардал өндөр. Бэлчээрийн гэхээр л нэг их хямд мах сүү шиг бидэнд төсөөлөгддөг. Гэтэл цаана нь бэлчээр нутаг талхлагдах, ган зуданд өртөмхий. Нөгөөтэйгүүр энэ 40 сая шахам мал бүтэц талаасаа анхаарал татдаг. Өөрөөр хэлбэл, тэнд таваарлаг малын эзлэх хувь туйлын бага. Тухайлбал, нийт малын 80 шахам хувь нь хонь, ямаа байна. Бод малын эзлэх хувь нь 20 хувиас хэтэрдэггүй.

Монгол малаа “махгүй” гэсэн нь 10-20 кг махны төлөө нэг амь зольж байна гэх харуусалтай холбоотой юм. Тиймээс мах үйлдвэрлэлд уламжлалт аргаасаа илүүтэй орчин цагийн чиг хандлагыг голлох зайлшгүй шаардлага байгааг л хэлэх гэсэн юм.

П.БУЛГАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж