“Азарган тахианууд”-ын амжилт 10 дугаартай холбоотой

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

“Азарган тахианууд”-ын амжилт 10 дугаартай холбоотой

Энэ оны дэлхийн спортын томоохон үйл явдлын нэг нь зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 1-нд Польш, Украинд болох хөлбөмбөгийн ЕАШТ юм. Манай сонин “Евро-2012”-ыг угтаад тэмцээний түүхээс цувралаар сонирхуулж байгаа. Буурал тивийн аварга шалгаруулах тэмцээн нь Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Анри Делоны санаа байв. Тэрбээр энэхүү санаачилгаа 1927 онд гаргасан ч 1954 онд Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) байгуулагдсанаар биелэх боломжтой болсон юм. Үүнийг 1958 онд болсон Европын хөлбөмбөгийн холбооны хурал дээр улсуудын хөлбөмбөгийн холбоод үг дуугүй дэмжиж, анхны тэмцээнийг 1960 онд Делоны төрсөн нутаг Францад зохион байгуулах шийдвэр гаргажээ. Харамсалтай нь франц эр энэхүү хурлаас гурван жилийн өмнө бурхан болсон байв. Тиймээс энэхүү эрхмийн дурсгалыг хүндэлж, ЕАШТ-ий цомыг “Анри Делоны” хэмээн нэрлэх болсон.

1960, 1964 онд болсон эхний хоёр тэмцээн Европ үндэстнүүдийн цом нэртэй байв. Харин 1965 онд Европын хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаанаар Европ үндэстний цомын тэмцээнийг албан ёсоор Европын аварга шалгаруулах тэмцээн хэмээн нэрлэж, дөрвөн жил тутамд зохион байгуулж байх болжээ. Буурал тивийн хөлбөмбөгийн хөгжилд томоохон түлхэц болсон энэ тэмцээн нэр хүнд, цар хүрээгээрээ зөвхөн хөлбөмбөгийн ДАШТ, зуны олимпийн наадмын дараа ордог юм. Энэ удаа 1984 онд Францад болсон тэмцээний түүхийг сонирхуулъя.

1984 оны ЕАШТ

Зохион байгуулсан улс: Франц
Үргэлжилсэн хугацаа: VI.12-27
Оролцсон багийн тоо: 8
Тоглолт хүлээн авсан цэнгэлдэх хүрээлэнгийн тоо: 7
Нийт тоглолтын тоо: 15
Нийт гоолын тоо: 27 (Нэг тоглолтод дунджаар 1.93)
Хамгийн хурдан гоол: Гурав дахь минут,
Мишель Платини (Франц – Бельги)
Үзэгчийн тоо: 597 639 (Нэг тоглолтод дунджаар 39 843)

Немцүүдийн бүтэлгүйтэл

ЕАШТ-үүдээс хамгийн олон үзэгчтэй нь “Евро-84” юм. Өмнөх тэмцээнд болоогүй хагас шигшээ тоглолт энэ удаа боллоо. Шилдэг найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг бүрээс шалгарсан дөрвөн баг хагас шигшээ тоглолтод хүч үзсэн. Өмнөх тэмцээнүүд сайндаа л дөрвөн цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан. Харин “Евро-84”-ийн 15 тоглолт Лансын “Феликс Боллер” (43 500 үзэгчийн суудалтай), Лионы “Жерлан” (41 180), Марселийн “Велодром” (60 800), Нантын “Божуар” (52 923), Парисын “Парк де Пренс” (48 400), Сент-Этьений “Жоффруа Гишар” (36 мянга), Страсбургийн “Ля Мейно” (40 860) гэсэн долоон цэнгэлдэх хүрээлэнд болсон нь европчуудыг гайхашруулсан билээ. Ингэснээр Напалеон Бонапартын үр сад “Евро”-г хоёр дахиа хүлээн авсан хоёр дахь улс болсон.

“Азарган тахианууд” хочит Францын шигшээ баг нутагтаа хүчирхэг тоглолт үзүүлж байлаа. Мишель Идальгогийн хөвгүүд 1982 оны ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод шалгарч байснаасаа хамаагүй сайжирсан байв. 1958 онд Шведэд болсон ДАШТ-д довтлогч Жюст Фонтейн нь 13 гоол хийж, дэлхийг шуугиулсан ч үүнээс хойш Францын шигшээ багийн довтолгооны бүс ихээхэн асуудалтай байсан. Харин Мишель Платини хэмээх эгэлгүй авьяаслаг довтлох чиглэлийн хагас хамгаалагч гарч ирснээр энэ бүхэн эцэс болсон юм. Урлаг гэмээр гайхалтай тоглолттой тэрбээр “Бага ДАШТ” гэгддэг байсан Италийн “Сери А”-гийн мэргэн буучаар хоёр жил дараалан тодроод байв. Францын шигшээ багийн дундын шугамд байсан Платини, Ален Жиресс, Жан Тигана, Луис Фернандес гэсэн шидэт дөрвөл хүн бүрт онцгой сэтгэгдэл төрүүлж байлаа. Эхний тоглолтод Данийн багийг хожиход цорын ганц бөмбөгийг нь Платини хийсэн. Тэрбээр дараа нь Бельгийг 5:0, Югославыг 3:2-ээр буулган авахад тус тус хет-трик хийсэн юм. Францын шигшээ баг “А” хэсгийг 100 хувийн амжилтаар итгэл төгс тэргүүлж, Дани удаалав.

Мэргэжилтнүүд хоёр жилийн өмнөх ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байсан ХБНГУ-ын шигшээ багийг “В” хэсгийг төвөггүй тэргүүлнэ хэмээн тооцож байв. Гэсэн ч бөмбөг бөөрөнхий гэгчээр тэд хэсгээсээ ч шалгарч чадсангүй. Хэсгийн сүүлчийн тоглолтод Испанид 0:1-ээр ялагдсан нь немцүүдэд гай болсон. Тэрхүү тоглолтын цорын ганц гоолыг Маседа үндсэн цагийн сүүлчийн минутад оруулсан билээ. Гол өрсөлдөгчөө мулталсан “Ялагдашгүй Армада” хэсгээ тэргүүлж, тэдний хөрш Португал хоёрдугаар байраар шалгарав. “Европын бразилчууд” хочит Португал 1966 оны ДАШТ-ээс хойш том тэмцээний эхний шатыг анх удаа давсан нь энэ. Мэдээж Герман шиг том багийн хувьд хэсгээсээ шалгараагүй нь сүйрэл гэсэн үг. Тиймээс тэмцээний дараа ерөнхий дасгалжуулагч Юпп Дерваль халагдаж, түүний орыг алдарт Франц Беккенбауэр залгасан.

Платиниг зогсоох хүн байсангүй

Франц, Португалийн баг шигшээ тоглолтод шалгарах эрхийн төлөө Марсельд “тулалдлаа”. Үндсэн цаг 1:1-ээр өндөрлөж, тулааны хувь заяа хаашаа ч эргэж мэдэх болов. Нэмэлт цагт Францын Домерг, Португалийн Жордау нар энэ тоглолтын хоёр дахь бөмбөгөө хийцгээв. Тоглолт 2:2 байх торгон мөчид Жан Тигана түүхэнд үлдсэн алдарт дамжуулалтаа гүйцэтгэж, үүнийг нь Платини “чулуу” болгосон юм. Энэхүү гоол орсноос минутын дараа тоглолтын сүүлчийн шүгэл дуугарсан билээ. Хагас шигшээгийн нөгөө тоглолт ч “алаан” болж, Испани Данийг 11 метрийн торгуулийн цохилтоор буулган авсан юм.

Шигшээ тоглолт. Парисын “Парк де Пренс”-т болсон тулааны эхний үед гоол орсонгүй. Харин хоёрдугаар хагасын 57 дахь минутад францчууд чөлөөт цохилт гүйцэтгэх эрх олж авлаа. Платинигийн маш хүчтэй цохисон бөмбөгийг Испанийн хаалгач Луис Арконада барьж авч чадалгүй суган доогуураа алдчихав. Энэ нь 10 дугаартай тоглогчийн энэ тэмцээнд хийсэн ес дэх гоол байв. Үндсэн цагийн сүүлчийн хоромд Тиганагийн дамжуулалтаар Беллон гоол хийж, “Евро-84”-ийн эцсийн цэгийг хатгасан билээ. Ийнхүү Францын шигшээ баг түүхэндээ том тэмцээний цомыг анх удаа өргөж үзсэн юм. Платини есөн гоол хийснээрээ ЕАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлдэг. Хоёроос гурван тэмцээнд оролцсон довтлогчид ч түүний амжилтыг эвдэж чадаагүй. Түүнчлэн Платинигаас өөр хоёр удаа хет-трик хийсэн тоглогч энэхүү тэмцээний түүхэнд байдаггүй юм.

М.Платини: Одоогийн хөлбөмбөгчид бидэнд талархах ёстой

Мишель Платини. Францчууд энэхүү авьяслаг хүүгийнхээ ачаар хөлбөмбөгийн тэргүүлэх гүрний нэг болтлоо өсөн дэвжсэн юм. Түүнийг тоглож байхад “Азарган тахианууд” ДАШТ-д 1982 онд хагас шигшээд шалгарч, 1986 онд хүрэл медаль хүртэж, ЕАШТ-д 1984 онд аваргалсан. Платини клубийн хэмжээнд ч супер од байсан. Италийн алдарт “Ювентус”-т таван жил данстай байхдаа “Аваргуудын цом” (Одоогийн “Аваргуудын лиг”), Цомтой багуудын цом, Европын супер цом, Тив хоорондын цом (Одоогийн Клубүүдийн ДАШТ)-ын тэмцээнд түрүүлж, Италийн аваргыг хэргэмийг гурав, цомыг нэг удаа хүртжээ. Хувийн амжилтуудаас тоймтойг нь дурдвал 1983, 1984, 1985 он Европын шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч, “Алтан бөмбөг” гардаж байв. Өдгөө Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA)-ны ерөнхийлөгчөөр ажиллаж буй тэрбээр “Евро-84”-ийн дурсамжаа хуваалцаж байна.

-1984 оны ЕАШТ танд ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?

-Францчууд багийн спортын төрөлд цом хүртсэн албан ёсны анхны тохиолдол байсан болохоор бүх зүйлийг тов тодорхой санаж байна. Энэ бол зөвхөн манай улсын хөлбөмбөгийн төдийгүй бүх спортын хамгийн агуу үе нь юм. 1982 оны ДАШТ-ий хагас шигшээд ХБНГУ-ын багт торгуулийн цохилтоор ялагдсан харамслаа тайлсан тул тааламжтай сайхан байлаа. Манай баг шигшээ тэмцээнд оролцсон найман багийн хамгийн хүчтэй нь гэдгээ талбай дээр харуулж чадсан.

-Таны тамирчны замналын оргил үе гэж хэлж болох уу?

-Би тэгж бодохгүй байна. Оргил үедээ байхын тулд удаан хугацааны турш шилдэг тоглолт үзүүлэх ёстой. Нөгөө талаас бэртээгүй нь аз болсон. Эрүүл байснаараа гайхалтай тоглолт үзүүлж чадсан байх. Би гэмтлийн улмаас 1982, 1986 оны ДАШТ-д үндсэн тоглолтоо гаргаж чадаагүй.

-Тухайн үеийн багийг 2000 оны Европын аварга Францын шигшээ багтай харьцуулбал?

-Ингэх нь маш бэрхшээлтэй. Миний үед өөр тоглогчид байсан. Одоогийн хэрэглэж байгаа тактикийг ашиглаж байсангүй. 2000 онд түрүүлсэн багийн ихэнх тоглогч хилийн чанадад, Европын шилдэг клубүүдэд тоглож байсан. Өөрөөр хэлбэл олон улсын том тэмцээний туршлагатай болоод байлаа. Харин 1984 оны багаас надаас бусад нь эх орондоо тоглодог байсан. 1970-аад онд биднийг дөнгөж гарч ирж байхад олигтой зөвлөгөө өгчих хүн байсангүй. Үе үеийнхний хоорондох залгамж чанар байгаагүй гэж хэлж болно. Францын шигшээ баг 1976 оноос ганц нэг хождог болж, шилдгийн нэг болох хэлбэрээ олж эхэлсэн. Удалгүй тивийн аварга болж, ДАШТ-д ч муугүй үздэг боллоо. Бидний гаргасан жим мөрөөр 1998 оны дэлхийн, 2000 оны Европын аваргууд суралцсан. Тиймээс тэд бидэнд талархах ёстой.

Д.НАНЖИД

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж