Кактус муу энергийг зайлуулдаг

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Кактус муу энергийг зайлуулдаг

 Эрчүүд эхнэр, найз бүсгүйдээ баяраар нь зүгээр л сарнай бэлэглэдэг байсан бол сүүлийн үед таримал цэцэг, өөрөөр хэлбэл тасалгааны цэцгийг бэлэглэдэг болжээ. Энэ нь ч хэн хэндээ бэлэгшээлтэй юм.


Гурван ширхэг сарнайг дор хаяж л 2500 төгрөгөөр боолгож авна. Тэр нь хэд хонох нь ойлгомжтой. Харин үүний оронд 1500 төгрөгөөр тасалгааны цэцэг аваад эхнэртээ, найздаа бэлэглэхэд тэднийг баярлуулаад зогсохгүй та, таны үр хүүхдүүд ч баяртай байх болно. Таны бэлэглэсэн цэцэг нэг, хоёр хоноод л хогонд хаягдах, эсвэл эзэн нь усалж, тордох болгондоо таныг дурсах хоёрын аль нь сайхан байх вэ? Мэдээж сүүлчийнх нь. Заавал 1500 төгрөгийн цэцэг авах албагүй шүү дээ. Yнэ дагаж чанар гэдэг шиг үнэ нь их тусмаа л илүү гоёмсог цэцэг байх болно. Олон юм нуршилгүй тасалгааны цэцгийн ач тусын талаар танд бяцхан зөвлөгөө өгье.


Цэцэг, ургамал нь гоёмсог өнгө үзэмжтэй төдийгүй хүний эрүүл мэндэд онцгой ашиг тустай аж. Жишээ нь ургамлын ногоон өнгө нь хүний мэдрэлийн систем, харааны нервийг сэргээн тайвшруулдаг. Тасалгааны агаарыг хэвийн чийглэг болгодог. Тоос шороог багасгана. Нян устгах чадалтай фитанцит гэдэг дэгдэмхий бодис ялгаруулж агаарт буй нянг устгана. Дуу чимээг багасгана. Цахилгаан бараанаас гарч буй муу энергүүдийг өөртөө шингээнэ. Хүнд халуун дулаан энерги дамжуулж сэтгэлийн таашаал өгөх зэрэг маш олон сайн талтай гэнэ.


Хаана байрлуулбал тохиромжтой вэ?


-Тасалгааны ургамал нь халуун орноос гаралтай учраас их хэмжээний чийг гэрэл шаарддаг. Иймээс гэр албан тасалгаа, хаа тарих гэж байгаа газартаа тохируулж авах шаардлагатай.


-Өвлийн улиралд урагшаа харсан цонх ямар ч цэцгэнд тохиромжтой боловч хавар, зуны улиралд нарны түлэгдлээс болгоомжилж хурц гэрлээс халхалж тавих хэрэгтэй аж. Урагшаа харсан цонхон дээр халгайн төрөл, амралистын төрөл, шимтгэлээ, сарнай, цитрусын төрлийн ургамлууд тохиромжтой. Хойшоо харсан цонхонд хайтан, уданбор, луу мод, калла, мөлхөө цэцэг, оймын төрлийн ургамлууд тарихад тохиромжтой.


-Баруун, зүүн талын цонх ямар ч улирад тохирно. Модлог болон алаг эрээн навчтай ургамлууд хэтэрхий халуун наранд өнгөө алддаг бөгөөд сүүдэр газар сайн ургадаг аж. Өвлийн улиралд гэрэл дутагдах тул өдрийн гэрэл хэрэглэх нь чухал юм.


-Тасалгааны цэцэг, ургамлыг долоо хоногт нэг удаа навч руу нь ус шүршиж навчийг нь цэвэрлэж байх хэрэгтэй гэнэ. 7-14 хоногт нэг удаа заавал бордож тэжээл өгвөл ургамал сайн ургадаг юм байна.

-Кактус нь электрон, цахилгаанаас гарч байгаа туяаг өөртөө шингээдэг тул компьютерийн хажууд тавихад тохиромжтой. Энэ ургамлыг ганц компьютерийн дэргэд байрлуулах бус, айл бүрт байх шаардлагатай гэнэ. Аливаа хорт зүйлийг шингээдэг гэдэг утгаараа гаднаас орж ирж буй хүмүүсийн нүдний хор, муу энергийг өөртөө шингээдэг учраас муу зүйлийг зайлуулах үүргийг гүйцэтгэдэг юм байна. Тиймээс үүдэндээ байрлуулбал тохиромжтой. Мөн тухайн айлдаа хэрүүл маргааныг дарж тайван амгаланг бэлгэддэг учраас зарим оронд кактусын баярыг тэмдэглэдэг аж. Кактус нь таван жилд нэг удаа цэцэглэдэг бөгөөд энэ үеэрээ тухайн газраа маш их аз жаргалыг авчирдаг хэмээн хятадууд энэ баярыг таван жилд нэг удаа тэмдэглэдэг гэнэ. Кактус дотроо олон янз байдаг бөгөөд ногоон өнгөтэй кактус хамгийн сайн чийгшил ялгаруулдаг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж