Номын санч таван жил тутамд мөнгөн тэтгэлэг авна

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Номын санч таван жил тутамд мөнгөн тэтгэлэг авна

УИХ-аас өчигдөр Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Эл хуулийн хэрэгжих хугацааг 2013 оны нэгдүгээр сарын 1-н хэмээн зааж өгсөн юм. Хууль хэрэгжиж эхэлснээр 25 ба түүнээс дээш жил ажилласан бол бүх шатны сургууль, цэцэрлэгийн захирал, хичээлийн эрхлэгч, орлогч захирал, сургалтын менежер, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын багш дотуур байрын багш, цэцэрлэгийн туслах багш нар өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг өмчийн хэлбэр үл харгалзан авах болж байна. Хэрвээ тэд сум тосгон багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн   мөнгөн тэтгэмжийг авна. Харин төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд туслах ажилтнаар 25 ба түүнээс дээш жил ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, үүнээс сум тосгон багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн   мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор болжээ. Туслах ажилтан гэдэгт нягтлан бодогч, тогооч, нярав, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтнууд хамрагдана.

Түүнчлэн сум, тосгон, багийн цэцэрлэг, сургуульд тогтвор суурьшилтай ажилласан цэцэрлэгийн туслах багш, цэцэрлэгийн арга зүйч, цэцэрлэгийн эмч,  сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрын багш, албан бус боловсролын багш, сургуулийн номын санч, сургуулийн эмчид таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор болж хуульчилсан байна. Энэ бол боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд төрөөс авч байгаа алхам гэж хэвлэлийн хуралд оролцсон гишүүд тэмдэглэсэн юм. Салбарын сайдынх нь хэлснээр бол энэхүү хуулийн төсөл нь тухайн салбарынхны нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд анхаараад зогсоогүй, Кембрижийн хөтөлбөрийг ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт бүрэн утгаар нь нэвтрүүлэхэд нэлээд том зохицуулалт хийх боломж олгосон хууль хэмээн онцоллоо.

Хэвлэлийн бага хуралд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Боловсрол  соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар оролцов.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж