Монголын үндэсний олимпийн хороо, “Тийм Монголия” төрийн бус байгууллага, Монгол улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух элчин сайдын яам, Их Британид амьдардаг монголчуудын холбоо хамтран “Монголын багаа дэмжье” арга хэмжээ Лондон хотноо боллоо. Лондон хотноо амьдардаг монголчуудыг олимпийн наадмын үеэр багаа нэгдсэн журмаар дэмжих, тэдэнд олимпийн уур амьсгал бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медальт О.Гүндэгмаа, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат тэргүүтэй Монголын буудлагын шигшээ баг, Монгол улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, дасгалжуулагч О.Оюунтуяа болон МҮОХ-ны төлөөлөгчид оролцлоо.
Үдэшлэгийн үеэр МҮОХ-ны дэмжиж буй “Тийм Монголия” төслийг (төслийн зохицуулагч Б.Баясгалан) албан ёсоор Англид суугаа монголчуудад танилцуулснаас гадна, МҮОХ-ны мэргэжилтэн Б.Хосбаяр, Англид суугаа монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат нар олимпийн наадамд Монголын баг хэрхэн бэлдэж буй, олимпийн наадамд багаа хэрхэн дэмжих талаар яриа хийсэн юм.
Энэхүү арга хэмжээнд цугласан 120 гаруй хүн “Лондон 2012” олимпийн наадмын медалийг үзэх, хамтдаа зураг татуулах, бүр зүүж үзэх боломжтой байлаа. МҮОХ-ны “Алтан түнш” Рио Тинто компани нь олимпийн наадмын 4700 гаруй медалийг Монголын газар шороо, “Оюу Толгой” ордын дээж эрдэнэсээр бүтээж байгаа бөгөөд медалийн дээжийг арга хэмжээнд танилцуулсан юм.
Түүнээс гадна Монголыг дэмжигч Английн иргэд энэхүү арга хэмжээнд оролцож өөрсдийн санал бодлоо солилцлоо.