“Монголын хэвлэл-Өнөөдөр” мониторингийн тайлан хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

“Монголын хэвлэл-Өнөөдөр” мониторингийн тайлан хэвлэгдлээ

Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор тус мониторингийг 13 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус мониторингийн тайланд сонин, сэтгүүлийн борлуулалтын дундаж тоо, түгээлт, радио, телевизийн нэвтрүүлгийн цаг, цацалтын хүрээ, нэвтрүүлгийн бүтэц, хаяг байршил болон боловсон хүчин, техник хангамжийн талаарх суурь статистик мэдээллийг багтаасан байдаг.  

Тайланд дурдсанаар 2012 оны эхний байдлаар манай улсад 469 хэвлэл мэдээллийн байгууллага /126 сонин, 92 сэтгүүл, 72 радио, 149 телевиз, 30 веб сайт/ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Сонины тухайд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад борлуулалтын тоо эрс өсч 2,9 саяд хүрчээ. Энэ нь давтамж ойр сонинууд болох өдөр тутмын, 2-3 хоног тутмын хийгээд долоо хоног тутмын сонины тоо нэмэгдсэнтэй холбоотой аж. Өдөр тутмын сонины борлуулалт өмнөх оноос 26 хувиар өсөж, сонины борлуулалтын зах зээлийн 73 хувийг эзэлж байна. 2000 оноос эхлэн сэтгүүлийн зах зээл өргөжиж, нэр төрөл, борлуулалтын тоо нь өссөөр байна. Тухайлбал сэтгүүлийн борлуулалтын тоо өмнөх жилээс 30 хувиар нэмэгдэж 46,7 саяд хүрсэн байна. Сэтгүүлийн борлуулалтын өсөлтөд долоо хоног тутмын өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөртэй, цаг үеийн мэдээ, мэдээлэл бүхий 7 хоног тутмын сэтгүүл шууд нөлөөлж байна. Уншигчид сонинг захиалж уншихыг илүүд үзэж байгаа бол сэтгүүлийг хүссэн үедээ худалдан авах хандлагатай байна.

Телевизийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байна. Үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг телевизийн тоо 16-д хүрлээ. Эдгээр ТВ-үүдийн долоо хоногийн нэвтрүүлгийн дундаж цаг 123 байгаа бол хөдөө орон нутгийн ТВ-үүдийнх 77 цаг байна. Мөн хүүхдийн, залуучуудын, хөгжмийн, спортын, уран сайхны киноны, экологийн, гэр ахуйн гэх зэргээр төрөлжих байдал нэмэгдэж байна.

Улаанбаатар хотод нэвтрүүлгээ цацаж буй радиогийн нэвтрүүлгийн дундаж цаг 155, орон нутгийн радиогийнх 106 цаг байна. Орон нутгийн 10 радио аймгийн төвөөс гадна бусад 6-15 сум болон зэргэлдээх аймгийн зарим сумдад хүрч байгаа нь цацалтын хүрээ тэлж байгааг харууллаа. Хэвлэл мэдээллийн салбарт байнга ажиллаж буй боловсон хүчний тоо өмнөх оныхоос 8 хувиар өсөж 4415-д хүрчээ. Насны хувьд нийт мэдээллийн хэрэгсэлд 30 хүртэлх насныхан дийлэнх буюу 47 хувийг эзэлж байна.  Түүнчлэн тус тайлангаас дээрх мэдээллийн дэлгэрэнгүйгээс гадна интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хаяг зэрэг цогц мэдээллийг авах боломжтой.

Холбогдох утас:            88006811, 70113475

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж