Хан-Уул дүүргийн Нүхтийн зуслангийн задгайд барьж байсан хоёр давхар барилгын суурь цөмөрсний улмаас өчигдөр таван хүн дарагдсан осол гарсан билээ. О.Мэндсайхан гэгч хүний эзэмшлийн гэх уг барилга дээр 14 хүн ажиллаж байсан ба 15.00 цагийн үед гарсан ослын дараа дөрвийг нь эсэн мэнд гаргасан ч харамсалтай нь нэг хүнийх нь амийг аварч чадаагүй байна. Талийгаачийн цогцсыг өчигдөр орой /V.09/-н 20.00 цагийн үед гаргажээ. 56 настай Д-г нуранги дороос олоход хүндрэлтэй байсан болохоор дөрвөн цаг орчим хугацаанд аврах ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Гэвч эцэст нь түүнийг олоход хэдийнэ амьсгал хураасан байжээ. Ослын газарт ОБЕГ-ын аврах тусгай анги, Нийслэлийн аврах отряд, Шуурхай бүлэг 105, Хан-Уул дүүргийн 14 дүгээр ангиас нийт 69 албан хаагч ажиллаж, аврах ажиллагааг явуулсан тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Ослын үеэр бэртэж гэмтэн, нурангид дарагдсан дөрвөн хүнийг ГССҮТ-д эмчилж байгаа юм.
Д.Жаргалсүрэн