Эрсдэлийн менежмент бол хөрөнгө босгох гол шалгуур

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Эрсдэлийн менежмент бол хөрөнгө босгох гол шалгуур

Монголын уул уурхай, даатгалын компаниудын мэргэжилтнүүд даатгалын зуучлал, эрсдэлийн менежментийн дэлхийн томоохон компани болох “MARSH”-ын зөвлөхүүдээс туршлага судаллаа. Эрсдэл хаа сайгүй “нуугдаж” байдаг. Ялангуяа уул уурхай бол хамгийн их эрсдэлтэй бизнес юм. Бизнесийн төсөлдөө санхүүжилт олох, бирж дээр хувьцаагаа зарахад тухайн компанийн эрсдэлийн менежмент хэр байгааг харгалзан үздгийг “MARSH”-ын зөвлөхүүд онцолсон.

Монгол улсын уул уурхайн салбарт хамгийн их эрсдэл дагуулж байгаа хүчин зүйл нь дэд бүтцийн сул хөгжил, санхүү аудит, үнийн тогтворгүй байдал аж. Эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэхээс гадна даатгалын компанид шилжүүлэх арга байдаг. Ихэнх компаниуд даатгалд мөнгө зарахаас цааргалдгаас болж алдагдалд орох, үйл ажиллагаа нь зогсоход хүрсэн тохиолдол цөөнгүй бий гэнэ. Мөн хэтэрхий ерөнхий даатгал хийлгэснээс болж осол гарахад нөхөн төлбөр авч чадаагүй жишээ олон. Шинэ Зеландын томоохон алтны компанийн хог хаягдлын далан газар хөдлөлтийн улмаас нурж, их хэмжээний хорт бодис асгарчээ. Компани даатгуулсан байсан ч нөхөн төлбөр авч чадаагүй байна. Даатгалын компаниас газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байгааг нь сануулж, далангаа бэхжүүлэхийг шаардсан ч компани зөвлөмжийг хүлээж аваагүй  учир нөхөн төлбөр авч чадахгүйд хүрчээ.

Харин Австралийн нүүрсний компаниуд эрсдэлийн менежментийг өндөр түвшинд хэрэгжүүлдэг, даатгалын зөвлөгөөг дагаж мөрддөг байснаар 2010 онд тохиолдсон үерийн гамшгийн дараа 800 сая америк долларын нөхөн төлбөрийг гаргуулж чадсан байна. Эрсдэлийн менежмент гэдэг бол машины тормозтой адилхан таныг болзошгүй аюулаас үргэлж хамгаална. Харин даатгал бол зайлшгүй байх ёстой “чөтгөр” гэж ярьдаг ч үнэндээ бизнесийн түнш юм. Монголд даатгалын салбар хөгжих шатандаа явж байна. Тэдний чадавхийг дээшлүүлж, уул уурхайн компаниудыг эрсдэлээс хамгаалах боломж нээгдэж  байна. Монголын анхны даатгалын, даатгалын давхар зуучлагч компани “Асимон брокерс” ХХК “MARSH”-тай хамтран энэхүү боломжийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

О.Хосцэцэг

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж