“Mining
Mongolia 90”
олон улсын нээлттэй чуулга уулзалтын хоёр дахь өдрийн хуралдаан эхэлж байна. Хуралдаанд нийт 52 лидер илтгэл тавьж буй бөгөөд уул
уурхайн салбарын бүхий л чиглэлийг хөндөж хэлэлцэж байгаа билээ. Өнөөдрийн
үндсэн хуралдаан “Монголын уул уурхайн салбарын бүтээгдэхүүний зах зээл,
өрсөлдөх чадвар, байгаль орчин, техник технологи, дэд бүтэц, хүний нөөц” сэдвийн
хүрээнд явагдана. Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Р.Коппа “Нүүрсний зах
зээлийн хөгжил”, Рио Тинто компанийн Стратеги судалгааны менежер Мэтью Андерсон
“Дэлхийн зэсийн зах зээл”, Монголын экспортлогчдын холбооны тэргүүн
Д.Галсандорж “Хайлуур жоншны зах зээл” зэрэг олон сонирхолтой сэдвүүдийг хөндөх
болно. Тухайлбал, манай улсын эрдэс баялгийн экспортын 90 хувийг бүрдүүлж буй
нүүрс, зэсийн дэлхийн зах зээл дээрх үнэ ханш, чиг хандлага, энэ салбарт
баримталж буй төрийн бодлого зорилт, төлөвлөлтийн талаарх мэдээллүүд хөрөнгө
оруулагчид төдийгүй, нийт иргэдэд сонирхолтой байх нь дамжиггүй. Мөн салбар
хуралдаанаар ашигт малтмалын боловсруулалтын асуудлыг хөндөнө. Манай улс нэмүү
өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг барьж буй энэ үед эрдэс
баялгийн гүн боловсруулалтын асуудал ихээхэн сонирхолтой сэдэв билээ. Дашрамд
сануулахад, чуулга уулзалт нээлттэй явагдаж буй бөгөөд сонирхсон хэн боловч
оролцох боломжтой юм.
Mining.mn