Оросын онгоц Индонезид алга болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Оросын онгоц Индонезид алга болжээ

Индонезийн уулархаг районд нислэг үйлдэж явсан ОХУ-ын зорчигч тээврийн онгоц өчигдөр хяналтын радарт гэнэт үзэгдэхээ больж, сураг тасарчээ. ОХУ-ын “Сухой супержет” хэмээх иргэний агаарын тээврийн шинэ онгоцонд 42 зорчигч, онгоцны багийн найман гишүүн зорчиж явсан гэж Индонезийн Тримарга Рекатама компанийн төлөөлөгч Сунарио мэдэгдсэн байна. Гэвч онгоцонд яг хэдэн хүн суусан нь тодорхойгүй байгаа аж. Индонезийн онцгой байдлын агентлаг онгоцонд 42 хүн тэдний 37 нь зорчигч байсан хэмээн мэдэгдэж байгаа бол ОХУ-ын мэдээллийн агентлагууд онгоцонд 44 хүн байсан гэж бичжээ. “Сухой супержет” онгоц өчигдөр Жакарта хотын Халим Перданакусума нисэх онгоцны буудалд буух байсан авч радарын дэлгэцнээс гэнэт алга болсон байна. “Сухой супержет” өчигдөр өглөө туршилтын нислэг хийхдээ ямар ч асуудалгүй мэт байсан хэмээн Сунарио ярьсан байна. Гэвч онгоц Индонезийн уулархаг бүсэд 1889 метрийн өндөрт хоёрдахь нислэгээ үйлдэж байгаад сураг тасарчээ. Онгоц хөөрснөөс хойш 21 минутын дараа орон нутгийн цагаар 2:21 цагийн үед сураг тасарсан байна. Онгоцноос сураг тасарсны дараа хоёр нисдэг тэрэгтэй эрлийн баг гарсан авч хүчтэй салхи, цаг агаарын таагүй үзэгдлээс болж, эрлийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон гэнэ. Гэвч онгоцтой хамгийн сүүлд холбоо барьсан газрыг самнаж буй эрлийн багийнхан ажлаа үргэлжүүлж байгаа аж.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж