![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/5/9a31b2b191e46ac7/6195465a5e172ea4big.jpg)
Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг томилсон. Цэцийн хоёр гишүүний нэгийг УИХ-аас, нөгөөг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Д.Сугар, Т.Лхагва нарыг Цэцийн гишүүдээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, томиллоо. Цэцийн шинэ гишүүдийг томилох асуудлын хэлэлцүүлгийг хийж УИХ-ын гишүүд санал хэлж,тодруулсан. Зарим гишүүд Төрийн өмчийн хорооны дарга байснаа гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Сугарыг томилогдох гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “1996-2000 онд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед тань С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн. Энэ хэрэг Д.Сугарыг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед нь гарсан. Мөн тухайн үед энэ хэргийг шалгах явцад хяналт тавьж байсан. Гэтэл 2000 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ С.Зоригийн амь насыг хөнөөсөн талаар ноцтой баримт дэлгэнэ хэмээн улстөржүүлэн гишүүн болж байсан. Энэ хэргийн эзнийг олох баримт танд байсан уу” гэж Д.Сугараас тодруулсан. Д.Сугар “Би улстөржүүлж гишүүн болоогүй. Тухайн үед нотлох хөдлөшгүй баримт байгаа гэдгийг холбогдох албаныханд мэдэгдэж байсан. Мөн би төрийн нарийн бичгийн дарга байх үед ямар нэг гэмт хэрэг илрүүлэх үйл явцад бүрэн оролцож болохгүй байсан. Харин тэр нотлох баримт нь дараа нь биш болсон. Тухайн үед ямар нотлох баримт гэгдэж байсныг би хэлж чадахгүй. Шаардлагатай гэж үзвэл зөвхөн Э.Бат-Үүл гишүүнд тусгайлан хэлж болно” гэсэн юм. Гишүүн С.Эрдэнэ “Төрийн өмчийн хороо, Цэцийн гишүүн хоёр бол ижил төрийн байгууллага. Цэцийн гишүүн байх ч гэсэн хариуцлагатай албан тушаал. Гэтэл гэр бүлийн хүний эрүүл мэндийн байдал муудсан учраас төрийн ажлаас чөлөөлөгдөж байсан хүн. Одоо тэгээд дахин эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөлөгдөнө гээд суучихвал яах вэ? Цэцийн гишүүн бол ямар нэг улс төрийн намаас ангид байх ёстой. Та энэ ажлыг хийж чадах уу” гэсэн хатуухан асуулт илгээсэн. Харин Д.Сугар “Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нд гэр бүлийн хүний бие муудаж, гадаадад эмчлүүлэх шаардлага гараад ажлаа чөлөөлөгдсөн. Одоо гэр бүлийн хүний бие сайн байгаа. Би энэ ажлыг хийж чадна” гэсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн хоёр шинэ гишүүн багагүй шүүмжлэлтэй тулгарсан ч чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн гишүүн болохыг нь дэмжсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь СЕХ-ны гишүүдийг томилох асуудал байсан.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжигдсэн. СЕХ-нд таван гишүүн байх ёстой бөгөөд эдгээр гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан учраас хоёрыг нь УИХ-аас, хоёрыг нь Улсын дээд шүүхээс, Ерөнхийлөгчийн зүгээс нэг гишүүнийг санал болгож, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэдэг. Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгаар Б.Ганбат, Г.Гэрэлт-Од нарыг, Улсын Дээд шүүхээс санал оруулсан нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нар ч мөн дэмжигдлээ. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Б.Билэгтийг санал болгосон.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосны дагуу Д.Ганбатыг 82 хувь, Д.Гэрэлт-Одыг 87 хувийн саналаар дэмжиж, СЕХ-ны гишүүнээр томилсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Билигтийг гишүүдийн 89.8 хувийн саналаар дэмжин СЕХ-ны гишүүнээр баталсан бол Улсын Дээд Шүүхээс санал болгосны дагуу Н.Дагвыг гишүүдийн 87 хувь, Д.Эрдэнэчулууныг гишүүдийн 89 хувийн саналаар СЕХ-ны шинэ гишүүдийг томилсон юм. УИХ-ын дарга шинэ гишүүдэд ажлын амжилт хүсээд сонгуулийг шударга зохион байгуулахад тууштай ажиллах ёстойг сануулсан.
Шинэ гишүүдийг томилсны дараа УИХ-ын сонгуультай хамтатган явуулах НИТХ-ын ээлжит сонгуулийн төсвийг баталсан. НИТХ-ын төлөөлөгчид ээлжит хуралдаанаа зохион байгуулж, сонгууль зохион байгуулах зардлын хэмжээг 464,9 сая төгрөгөөр батлах Төрийн байгуулалтын байнгын хороогоор ээлжит хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанаар танилцуулсан. Сонгуулийн ерөнхий хорооноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох зардлын хэмжээг анх 364.9 сая төгрөг хэмээн УИХ-д оруулж ирсэн байна. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн З.Энхболд зардлын хэмжээг 100 сая төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжжээ. Нэмэгдүүлсэн 100 сая төгрөгөөр нийслэл дэхь 358 хэсгийн хороог камержуулахад зарцуулахаар тооцсон байна. Энэ саналыг гишүүд дэмжиж, зардлын хэмжээг 464,8 сая төгрөгөөр баталаа. НИТХ-ын сонгууль ирэх зургадугаар сард УИХ-ын сонгуультай нэг өдөр зохион байгуулагдана. УИХ-аас шинээр баталсан НИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу явах юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 80 гаруй хувийн саналаар энэхүү төслийг баталлаа. Баталсан хуулийг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжихээр зааж өглөө.
Эл хууль хэрэгжиж эхэлснээр сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, хувийн сургуулийн багш нар таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авах болж байгаа юм. Мөн тэднийг улсын зардлаар сургана. Түүнээс гадна төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн туслах ажилтнууд тухайн газраа 25-аас дээш жил ажилласан бол тэтгэвэртээ гарах бол нэг удаагийн тэтгэлэг авах болж байна.
Боловсролын тухай хуулийг баталсны дараа чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/8ae262b6467dc7a8/34e08d086ec59743original.jpg)