Хүчтэнүүд нэг зааланд хөлс гаргав

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Хүчтэнүүд нэг зааланд хөлс гаргав

Cумочид VS Үндэсний бөхчүүд. Хүчит бөхчүүд оролцох сагсан бөмбөгийн нэгэн сонирхолтой шоу тоглолт тун удахгүй үзэгчдийг доргиох билээ.

Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Хакухо М.Даваажаргалын санаачилсан хүмүүнлэгийн үйлсийг дэмжих сагсан бөмбөгийн шоу тоглолтод оролцох сумочид энэ өдрүүдэд башёд барилдаад завгүй байгаа бол тэдний өрсөлдөгчид болох үндэсний бөхийн цолтнууд Спортын төв ордонд өнжөөд нэг бэлтгэлээ базааж байна. Өчигдөр тэднийг дэмжиж олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар тэргүүтэй жүдочид өдрийн бэлтгэлийнхээ үеэр нэг зааланд хөлс гаргалаа.

Залуу аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нарын цолтнууд сумочдоос 2005 онд хожигдсон даагаа нэхэхээр тун чамбай бэлтгэж байгаа ажээ. С.Мөнхбат аварга сагсан бөмбөгт адтай юм. Хөдөлгөөнтэй, хурдтай, гоолтой аваргатай гарьд Ж.Бат-Эрдэнэ нэлээд сайн гар нийлж байгаа гэнэ. Мэдээж энэ багийн төвийн тоглогч нь “Генералууд” багийн сагсчин, улсын арслан Д.Ганхуяг. Олон жилийн хугацаанд үзэж баясаагүй сонирхолтой тэмцээнд сэтгэл гарган бэлтгэж байгаа үндэсний бөхчүүддээ амжилт хүсье.

Харин сумочдын багт хүчин зүтгэх их аварга Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд нарын тэргүүтэй сумочид тавдугаар сарын башё өндөрлөмөгц эх орондоо ирэх юм. Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын барилдаан 6-20-нд болох бөгөөд сумочид 21-нд Монголд ирж, товлосон ёсоор 23-нд сагсан бөмбөгийн талбайд гарах болно. Олны сонирхлыг татаж байгаа шоу тоглолтын тасалбарын үнэ хараахан тодроогүй байна.

“Их Монголын алтан одод-2” тэмцээнийг “TLG-13” Төрийн бус байгууллага, “Хакухо” сан, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ, “Мон лаа” компани хамтран зохион байгуулж байгааг дахин сануулъя. Харин тоглолтоос олсон орлогыг 100 хувь буяны үйлсэд зориулж, 1800 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.БАЯСАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж