Засгийн газрын тогтоолыг үндсэн хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Засгийн газрын тогтоолыг үндсэн хууль зөрчсөн гэв

Засгийн
газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой
ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдаалахтай
холбогдуулан авах арга хэмжээний тухай 116 дугаар тогтоолыг Үндсэн хууль
зөрчсөн байна гэж үзээд иргэн Т.Мэндсайхан Үндсэн хуулийн Цэцэд
ханджээ. Өргөдөл гаргагч иргэн Т.Мэндсайхан нь өмнө нь Хятадын
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д холбогдох байгаль орчин сүйдсэн хэрэгт
нутгийн иргэд, төрийн бус байгууллагын талд өмгөөлөгчөөр ажиллан анх
удаа нөхөн сэргээлтийн зардлыг тогтоолгож байсан хуульч юм.

Тэрээр
“Энэ тогтоолын дагуу иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас УИХ-ын 2011 оны
53-р тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнөөр
авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн,
2010-2011,2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг
хувь хүртсэн оюутан, 2011 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр
хишиг хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг хувьд ногдох хувьцааг хасч
тооцохоор болжээ. Гэтэл энэ заалт нь дараах үр дагаварт хүргэж байна.
Тодруулбал, дээрх иргэд нэмж авах 536 ширхэг хувьцаанаасаа өмнө хүртсэн
хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцуулахаар, бусад иргэд 1072 ширхэг
хувьцаагаа бүрэн авахаар болж байгаа тул эдгээр иргэдийн хувьд
ялгаварласан тэгш бус байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн
хувьцаа эзэмших эрхийг ялгамжтай, тэгш бус болгосон. Түүнчлэн оюутанд
нэмж олгох “Эрдэнэс Тавантогой” ХК-ийн 536 ширхэг хувьцаанаас оюутанд
олгосон сургалтын төлбөрөө буцаан суутган авахаар болж байгаа нь оюутныг
хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, мөн төлбөрөө буцаан төлөөд хувьцаагаа
эзэмших сонголтод боломж олгоогүй шударга бус шийдвэр болсон. Энэ
шийдвэрийн улмаас иргэд нэгэнт баталгаажуулан эзэмшиж буй “Эрдэнэс
Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа ямар нэгэн хуулийн үндэслэлгүйгээр,
тэдний хүсэл зоригоос гадуур шууд алдах, хураалгахад хүрэх нь. Ингэхээр
иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрх зөрчигдөж байна” гэж өргөдөлдөө
тайлбарласан байна. Ингээд энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд мар­гаан
үүсгэж, хэлэлцэхийг хүсчээ.

Мөн Засгийн газрын дээрх тогтоолын
үндэслэл болсон Хүний хөгжил сангийн хууль, УИХ-ын 2010 оны 39-р, 2011
оны 57-р тогтоолуудын агуулгыг харьцуулалт болгон тайлбарлаж, эдгээр
хууль тогтоолуудад “Хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ хишиг хувьд ногдох
хувьцааг хасч тооцох тухай ямар нэгэн зохицуулалт, үндэслэл үгүй байхад
ийнхүү ялгамжтай байдал гаргаж байгаа нь Үндсэн хуулийн 1-р зүйлийн
хоёрдахь, 14-р зүйлийн 1 дэх, 16-р зүйлийн гуравдахь, Дөчинтавдугаар
зүйлийн нэг дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна”
гэжээ.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж