Тэрээр “Энэ тогтоолын дагуу иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас УИХ-ын 2011 оны 53-р тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011,2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг хувьд ногдох хувьцааг хасч тооцохоор болжээ. Гэтэл энэ заалт нь дараах үр дагаварт хүргэж байна. Тодруулбал, дээрх иргэд нэмж авах 536 ширхэг хувьцаанаасаа өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцуулахаар, бусад иргэд 1072 ширхэг хувьцаагаа бүрэн авахаар болж байгаа тул эдгээр иргэдийн хувьд ялгаварласан тэгш бус байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн хувьцаа эзэмших эрхийг ялгамжтай, тэгш бус болгосон. Түүнчлэн оюутанд нэмж олгох “Эрдэнэс Тавантогой” ХК-ийн 536 ширхэг хувьцаанаас оюутанд олгосон сургалтын төлбөрөө буцаан суутган авахаар болж байгаа нь оюутныг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, мөн төлбөрөө буцаан төлөөд хувьцаагаа эзэмших сонголтод боломж олгоогүй шударга бус шийдвэр болсон. Энэ шийдвэрийн улмаас иргэд нэгэнт баталгаажуулан эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа ямар нэгэн хуулийн үндэслэлгүйгээр, тэдний хүсэл зоригоос гадуур шууд алдах, хураалгахад хүрэх нь. Ингэхээр иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрх зөрчигдөж байна” гэж өргөдөлдөө тайлбарласан байна. Ингээд энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэж, хэлэлцэхийг хүсчээ.
Мөн Засгийн газрын дээрх тогтоолын үндэслэл болсон Хүний хөгжил сангийн хууль, УИХ-ын 2010 оны 39-р, 2011 оны 57-р тогтоолуудын агуулгыг харьцуулалт болгон тайлбарлаж, эдгээр хууль тогтоолуудад “Хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ хишиг хувьд ногдох хувьцааг хасч тооцох тухай ямар нэгэн зохицуулалт, үндэслэл үгүй байхад ийнхүү ялгамжтай байдал гаргаж байгаа нь Үндсэн хуулийн 1-р зүйлийн хоёрдахь, 14-р зүйлийн 1 дэх, 16-р зүйлийн гуравдахь, Дөчинтавдугаар зүйлийн нэг дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ.