судлалын докторант Д.Гантөгстэй ярилцлаа. Хүн өөрөө өөрийгөө танин
мэдэх, зөв жолоодох, оюун санааны хувьд өсч хөгжихөд юу хэрэгтэй байдаг
талаар түүнтэй ярилцлаа.
-Өнгөрсөн хугацаанд шинжлэх ухаан хүнийг генийн болон эд эсийн
төвшинд бүрэн судалж дууссан гэж зарим эрдэмтэд мэдэгдэх боллоо.
Тэднийхээр дараагийн зуунуудад хүнийг сэтгэл зүрх, оюун санаа, энергийн
төвшинд судлах их ажлууд үлдсэн гэж байна. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Тийм шүү. Өнөөдөр эрдэмтэд хэн нэг хүнтэй яг адилхан “хүнийг” бүтээж
чадна. Японд хүний үйл ажиллагааг дууриах, орлох чадвартай роботуудыг
үйлдвэрлэж, амьдралд нэвтрүүлээд эхэлсэн шүү дээ. Харин бидний оюун
санаа гэж хэлээд байгаа “дух” гэдэг зүйлийг давтан бүтээж чадахгүй
байна. Тийм зүйлд амьдын шинж л дутагдаж буй. Хүнд л байдаг тэрхүү
оюунлаг, сүнслэг чанарыг суулгаж өгч чадахгүй л байна шүү дээ. Орлуулан
хийж чадахгүй байгаа тэр л зүйл бол жинхэнэ та байгаа юм. Үүнийгээ
мэдэхийн тулд өөрийгөө танин мэдэх хэрэгтэй. Үүний тулд бясалгах
хэрэгтэй. Чи энэ ертөнцөд юугаар ч орлуулан бүтээж болохгүй цогц эрдэнэ
гэдгээ ойлгох учиртай юм. Хүн үүнийгээ нэг л удаа ойлгочихсон байх юм
бол амьдралд харгис буруу үйлдэл хийхээ больчихно. Нийгэмд өөрөө
өөрийгөө зөв илэрхийлж гаргана. Амьдралд ч гэсэн сэтгэл хангалуун байх
болно.
-Бясалгах хэрэгтэй гэлээ. Тэгвэл бясалгал гэдэг яг юу юм бэ гэж асуумаар
байна. Юмс үзэгдэл, үйл явдлын талаар өргөн хүрээнд бодож, зөв буруу,
үнэн мөнийг нь таних үйл явц гэж олон хүмүүс ойлгодог л доо.
-Үгүй ээ, харин ч эсрэгээрээ. Бясалгал гэдэг бол толгойн дахь бодлыг
цөөлөх дадлага гэж ойлгож болох юм. Хүн хүссэн ч хүсээгүй ч толгойдоо
үргэлж юм бодож байдаг. Ер нь машин зогсч байгаа үедээ л эд анги нь
амарч байдаг. Тэрэнтэй адил толгойнд бодол байхгүй л юм бол амралт
болдог. Гэтэл бид сэрлээ л бол таван мэдрэхүйгээрээ дамжуулан үргэлж
мэдээлэл авч, тэрийгээ тархиндаа боловсруулж, бодож байдаг. Тэгэхээр
таван мэдрэхүйн энэ их мэдээллийг зогсоох, амраах тэр аргад суралцах
ёстой юм байна. Эрт дээр үеэсээ үүнийг ухаантнууд хэлсээр ирсэн боловч
хүн төрөлтөн хөгжихийн хэрээр техник технологи сайжрахын хэрээр хүмүүс
бодох нь, ямар нэг юмыг хүсэх, мөрөөдөх нь ихэссэн. Ингэснээсээ амарч
чадахаа больсон. Өнөөдөр дэлхийн эрдэмтдийн хэлж байгаагаар иргэншил
өндөр хөгжсөн газруудад стресс их байна. Өөрөөр хэлбэл хөдөө, хотын
хүмүүсийн стресс өөр байна. Юм амар, хялбар байхын хэрээр хүний оюун
санаа гэнэн хонгор, ямарваа нэг муу санаа багатай байна гэдгийг хүлээн
зөвшөөрөөд байна. Гэтэл хотжихийн хэрээр хүн өөрөө тэр амьдралд дасах,
маш их бодох шаардлага гарч байна. Энэ хэрээрээ хүн бодол автах өвчинд
нэрвэгдээд байгаа юм л даа. Ерөнхийдөө миний бодлоор бол стресс гэдэг нь
хэт их бодолд автах өвчин гэж хэлмээр байгаа юм. Толгойдоо олон бодол
эргэлдүүлээд, хүний үгийг сонсч чадахгүй зөрж хэрэлдээд байна гэдэг
бодол давтах өвчинд автчихсан байна л гэсэн үг шүү дээ. Бодол ихдэх
өвчин бол хүнд ямар хортойг бид анзаардаг. Бясалгал хийнэ гэдэг бол энэ
бодлыг цөөлөх дасгал. Зүйрлэбэл хурдтай яваа машинд тормос татаад
зогсоохтой л адил. Замбараагүй орж ирж байгаа бодлын давалгааныг
зогсоох, хамгаалах дасгал юм.
-Утга учир, эмх замбараа муутай тэр их бодлын давтамжийг цөөрүүлснээр
бид юунд хүрэх гэж? Ердөө амсхийх, амрах агшныг л мэдрэх үү?
-Монголчууд “долоо хэмжиж нэг огтол” гэж сургадаг. Энэ нь юманд ул
суурьтай хандахыг л хэлээд байгаа юм. Гэхдээ ултай хандана гэдэг бол
удаан бодохын нэр бас биш. Харин өөрийнхөө мэдрэмж, дотоод хүчээ
ашиглахыг л хэлж буй хэрэг гэж би ойлгодог. Товчхондоо бол бясалгал үүнд
л сургадаг дасгал юм. Хачирхалтай нь эмэгтэй хүмүүс эхээс төрөхдөө,
бурхнаас бүтээгдэхдээ л бясалгагчаар төрсөн гэж үздэг. Эрэгтэй хүмүүс
бол хувиа бодсон, амиа хичээсэн дүр төрхтэйгээр бүтээгдсэн. Энэ бол
буруу биш гэж үздэг. Улмаар шинжлэх ухаан юуг батлаад байна гэхээр
эмэгтэй хүмүүс болж, бүтэхгүй байгаа хэцүү зүйлийг ямар нэгэн далдын
хүчний тусламжтайгаар шийддэг гэдгийг баталсан. Тэгээд ч лам хуврагт
очих хэрэгтэй гэж үзэх хандлага эмэгтэйчүүдэд л байдаг. Харин эрэгтэй
хүмүүс юмыг хүчээр шийдэх хэрэгтэй гэж үздэг. Ийм ч учраас байгалиас
эрэгтэй хүнд заяасан нэг гайхамшиг бол хүч чадал. Энэ хүч чадалдаа
найдаж шийдвэр гаргах гэдэг нь тэдний мөн чанар. Асуудлыг эвээр,
залбирал мөргөлөөр шийддэг гэдэг ойлголт ерөөсөө тэдний ухамсарт байхгүй
гэж эрдэмтэд үзэх болсон шүү дээ.
-Гэтэл нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудалд шийдэл олох, шийдвэр гаргах эрх мэдэл эрэгтэйчүүдийн л гарт байна шүү дээ? !
-Их гэгээнтэн Ошо хэлсэн байдаг юм. Энэ ертөнц дээр эрэгтэй хүмүүс төр
засгийг барьж байгаа үед дэлхийн дайн дажин зогсохгүй гэж. Гурван мянган
жилийн туршид энэ гариг ертөнц дээр 5000 гаруй дайн тулаан болсон
байдаг. Энэ юутай холбоотой гэхээр эрэгтэй хүмүүс асуудлыг хүчээр
шийддэг гэж боддогтой холбоотой. Гэтэл эмэгтэй хүмүүс байгалиас заяахдаа
эвлэрч байж, тэсч байж юмны цаана гардаг гэдгийг ойлгож байдаг. Манай
Монголын түүхэнд ч үүний жишээ олон байна шүү дээ. Чингис хаан яагаад
тийм олон хатадтай байсан юм бэ. Яагаад Бөртэг тэгж хүндэтгэдэг байсан
юм бэ гэхээр үнэхээр юмны зөв шийдлийг Бөртэ хардаг байсан. Тэгэхээр энэ
бүхнийг бид бодох хэрэгтэй л дээ. Тэр байтугай Энэтхэгийн их тэмцэгч
Махатма Ганди өөрийнхөө эхнэр Кастурба Гандийг амьсгаа хурааж байхад
“Амьдралдаа алдаж болох хамгийн том хохирол энэ юм аа” гэж хэлж байсан
байна. Өөрөөр хэлбэл, Махатма Ганди улс үндэстнийхээ их тэмцлийг
удирдаад хийгээд байгаа боловч үүний цаад хүч нь Кастурба Ганди гэдгийг
хүлээн зөвшөөрсөн байдаг. Өнөөдөр дэлхий дээр “эмэгтэй хүч” буюу зөөлөн
хүч ялахгүй л юм бол дайн дажин хэзээ ч зогсохгүй гэж хэлсэн байна.
-Тэгвэл эрх мэдлийг эрчүүдээс эмэгтэйчүүдэд өгөх, эсвэл эрчүүдийг бясалгагч болгох хэрэгтэй гэж ойлгож болох уу?
-Юутай ч шийдвэр гаргах төвшний хүмүүс амьдралын эргэн оршдог зүй
тогтлыг ойлгоосой гэж би хүсдэг. Учир нь бид ямар үйл үйлдэж байна тэр
болгоныгоо тодорхой төвшинд хадгалж байдаг. Тэр бүхэн дараа нь илэрч
гарч ирэхдээ биднийг муу, сайн зүйлийн аль нэг рүү хөтлөх хүч болж
хувирдаг. Тэгэхээр муу үйлээсээ ангид байхын тулд сэтгэл санааны
тэвчээртэй, оюуны чадамжтай байх хэрэгтэй. Харин үүнийг олж авахын тулд л
бясалгал хийх шаардлагатай болдог. Дэлхийн өндөр хөгжилтэй орны
удирдагчид өөрсдөө бясалгал хийхээс гадна дэргэдээ бясалгалын баг
ажиллуулж байна. Яагаад гэхээр бид зөв юм хийж байна уу, буруу юм хийж
байна уу гэдэг мэдрэмжийг олж сонсохын тулд ингэж байгаа хэрэг л дээ.
Хийж байгаа үйл маань өөрт болон байгаль дэлхийд зөвөөр тусах уу, үгүй
юү гэдэг мэдээлэл уг нь байнга ирж байдаг. Гэтэл бид бясалгал хийдэггүй
учраас энэ мэдээллийг хүлээж авч, хэрэгжүүлж чадахгүй байгаа юм. Дэлхийн
нийтийн өмнө тавигдаад байгаа олон асуудал, цаг агаарын дулаарал,
өөрчлөлт зэрэг бэрхшээлүүд хүмүүс бидний үйл ажиллагаанаас л болж
үүссэн. Туул хэчнээн сайхан гол байлаа. Өнөөдөр ширгэж тасалдаж байгаа
нь хүмүүсийн үйл ажиллагаатай л холбоотой шүү дээ. Өөрөө их мөнгө олохын
тулд сав газарт нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгч байна. Өөрөө гоё
сайхан газар амьдрахын тулд эхэн дээр нь байшингаа барьж байна. Бидний
буруу хийсэн үйлдлийн л хариу энэ. Бид эндээс үндэслээд юуг ойлгох
хэрэгтэй вэ гэхээр байнга бодож тунгааж байх хэрэгтэй, бясалгаж байх
хэрэгтэй. Дотоод мэдрэмжийн мэдээллийг хүлээж авч, тэрэнтэйгээ хамтарч
ажиллаж байж шийдвэрээ гаргаж байх хэрэгтэй гэдэг маань өдөр ирэх тусам
ойлгогдож байна.
-Үүнийг ойлгож ухамсарладаг, үйл ажиллагаандаа тусгадаг хүн хэр
олон байдаг вэ? Бясалгал гэдэг миний харж байгаагаар нэг хэсэг хүмүүсийн
л амьдрах хэв маяг философи юм шиг байгаа юм.
-Намайг бага байхад эмээ маань ярьдаг байсан юм. Дотор хүнтэй ярилаа,
дотор хүн ингэлээ гэж. Хүүхэд байхад дотор талд нь нэг өөр хүн байдаг юм
байх л гэж гайхдаг байлаа. Одоо бодоход бидний дотор талд байдаг,
амьдралын мөн чанарыг зааж сургаад байгаа тэр хүч бол бидний дотоод хүч
юм л даа. Бид үүнийгээ хаагаад хэт эд материаллаг зүйлд түшиглэсэн
шийдвэр гаргаад байхаар бидний амьдрал сүйрэл рүү явах магадлал өндөрсч
байна.
Арван таван жилийн өмнө Монголд анх бясалгалыг эхлүүлж байхад хүмүүс
арай өөрөөр ойлгодог байлаа. Өвчин зовлон тусах, ар гэрт асуудал, уй
гашуу тохиолдох үед хийдэг зүйл гэж ойлгодог байсан. Өнөөдөр хандлага
өөрчлөгдсөн. Бясалгалын хичээл зарлахад л маш олон залуу хүүхдүүд ирж
байна. Хүн өөрөө сэтгэхүйн хувьд тайван байх хэрэгтэй, сэтгэл болоод
оюуны чадамжаа хөгжүүлэх хэрэгтэйг хүмүүс ойлгоод байна. Энэ маш том
ололт. Бясалгал хийхэд бэлэн болсон байна, сурталчлах шаардлагагүй
болсон байна. АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад ч бясалгал
хүмүүсийн амьдралд улам бүр нэвтэрч байна, үүнийг дагагчдын тоо өсч
байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр нийгэм хөгжих, хүний амьдрал өсч
дэвших тусам аз жаргал, амар амгаланг өөр зүйлээс хайх хэрэгтэй юм
байна. Нэг үгээр бол материаллаг баялаг, эд хөрөнгө хүнд хүссэн аз
жаргалыг нь өгдөггүй юм байна.
-Ингээд ярихаар бурхны сургаал санаанд орж байна. Хүсэл шунал зовлонгийн
үүд, аз жаргалд хүрье гэвэл хүсэл шуналаа тэвч гэдэг сургаалийг уг нь
хүн бүр мэддэг шүү дээ. Даанч бүгдээрээ ингэж чадахгүй юм даа…
-Үнэндээ хүн амар амгалан аз жаргалтай амьдрахад тийм их эд зүйл
хэрэгтэй биш шүү дээ. Алтан орон дээр ч унтсан, модон орон дээр унтсан ч
нойр нь нэг л байна. Бид эд материаллаг баялгийн хойноос хөөцөлдөд
байна гэдэг төөрөлдсөний л шинж юм. Ямар ч орыг худалдаж авч чадах
боловч нойрыг худалдаж авч чадахгүй. Бид худалдаж авч чаддаггүй юмандаа
анхаарахгүй, худалдаж авч болох юманд л анхаараад байгаа юм. Чи алтан
орон дээр унтах гэж тэмүүлэх тусам зовлон чинь ихэсч, нойр чинь багасна.
Бидний цаг үед, эргэн тойронд маань амьдарч байгаа гэгээнтнүүд бүгд нэг
зүйлийг л хэлж байна. Бид бясалгах хэрэгтэй өөрийгөө дотроос нь өөрчлөх
хэрэгтэй гэж. Тэгж байж гариг ертөнцийг аварна шүү гэдэг.
Бидэнд хэн ч аз жаргалыг гаднаас өгөхгүй, харин дотроосоо хайж олох
хэрэгтэй. Ямар ч эд хөрөнгө, албан тушаал тайван амгалан, аз жаргалыг
бүрэн дүүрэн өгдөггүй юм. Үүнийг ойлгож, хүлээн зөвшөөрөх, амьдралын
дадал зуршлаа болгох амаргүй. Гэхдээ ийм болохын тулд бид өөрсдийгөө
хөгжүүлэх хэрэгтэй.
-Хөгжих гэдгийг та бол их бурханлиг, сүнслэг утгаар харж байна шүү дээ.
Гэтэл хүний хөгжил, эдийн засгийн хөгжлийн талаарх нийгмийн үнэлэмж,
ойлголт арай өөр шүү дээ?
-Өнөөдөр хувь хүнийг хөгжүүлэх тухай яриад л байна. Саяхан би нийслэлийн
сонгуульд орох гэж байгаа намуудын мөрийн хөтөлбөрийг сониноос
сонирхоод харж байсан. Намууд юу гэж гол зорилгоо тавьж байна гэхээр
хүнээ хөгжүүлье гэдэг зорилтыг тавиад байна. Үүнийг нийгэм ч гэсэн
шаардаад байна. Бид одоо хөгжмөөр байна аа гэж. Мэдээж төр засаг хүнээ
хөгжих бололцоог олгож өгөх ч ёстой. Гэхдээ хөгжүүлэх хариуцлагыг хүн
өөрөө хүлээх ёстой гэж би боддог. Чамайг хөгжүүлэх гэж байна гээд мөнгө
өгөх ч юм уу, халамж үзүүлээд байна гэдэг бол нэг талаас нөгөө хүнийхээ
өсөх, хөгжих, биеэ даах чадварыг хааж байна гэсэн үг. Тэгэхээр бид буяны
нэр барьж, халамжийн, хандивын арга хэмжээ хийдэг маань хүмүүнлэг биш
харин ч хүмүүнлэг бус алхам гэж боддог. Хөгжихийн тулд хүн өөрөө явах
ёстой. Чи өөрөө амьдрах, аз жаргалтай байх дургүй байгаа бол би чамд
хэдэн төгрөг өгөх хэрэг юун. Хүн хүсвэл өөрөө хөдөлж эхэлдэг юм. Хүн
хөгжих гэдэг бол эд материалтай болохоос гадна оюун санаа нь өсч
хөгжихийг хэлнэ.
-Хүмүүсийн оюун санаа хөгжиж, ёс суртахуун өсч дээшлээсэй гэдэгтэй би
санал нийлж байна. Өнөөдөр бид нийтээрээ оюун санааны доройтол, ёс зүйн
уналтад орчихлоо гэж би боддог. Хэн ч юу ч хийж болно гэсэн хэтэрхий
прагматик хандлагатай болчихсон бололтой.
-Өнөөдөр бидний ажил амьдралаа авч явж байгаа байдлаас болоод хүмүүс
ямар болж хувирч байна гэхээр ерөөсөө л амиа бод гэдэг аргад суралцаж
байна. Хөрш айлаа ч танихгүй. Хотжилт, нийгэмшилтэй холбоотой энэ мэт
асуудлуудаас болоод бид бурханлиг мөн чанараасаа улам холдож байна.
Ингэх тусам оюун санаа, ёс суртахуунаа гээгээд байгаа хэрэг. Үүнийг
өөрчилье гэвэл бид өөрөө бурхан гэдэгтээ итгэж, өөрийнхөө дотроос
бурханлиг мөн чанараа олж сэрээх хэрэгтэй юм л даа. Гэхдээ аливаа сайн
үйлийн эхлэл бүхэн хэцүү байдаг. Алим тарихын тулд хөрсийг нь бэлтгэнэ,
арчилна, усална. Тэгж байж үр жимсийг нь амтална. Түүнтэй адил бид өөрөө
өөрсдөдөө зөв хандах хэрэгтэй. Өөрийгөө ялчих л юм бол амьдралыг ялна.
Тэгэхээр өөрийгөө ялах хамгийн том гарц бол өөрийнхөө дотогш аялах
бясалгал юм. Миний бие хаанаа яаж мэдрэгдэж байна, би юу боддог юм бэ.
Надад юу таалагддаг, юу таалагддаггүй юм бэ гэдгийгээ олж мэдчихээд
тэрийгээ зөв залах явдал чухал. Ингэсэн цагт хүн оюун санаа, ёс
суртахууны зөв үнэлэмжтэй болно. Түүнийгээ дагаж үйл ажлаа зөв хийдэг
болно. Үүнийг л хүний хөгжил, оюун санаа, ёс суртахууны өсөлт гэж хэлнэ.
-Хүмүүсээ тийм хөгжилд хөтлөхийн тулд нийгэм, улс орныг удирдаж байгаа
хүмүүс өөрсдийнхөө үнэлэмж, чиг хандлагаа өөрчлөх ёстой байх. Өөрөөр
хэлбэл зөв бодлого, шийдвэр гаргах, өөрсдөө зөв хандлага, жишиг тогтоох
хэрэгтэй болов уу?
-Тун зөв санаа. Ямар нэг хогийн ургамлыг устгахын тулд үндсээр нь
сугалах хэрэгтэй. Зөвхөн мөчрийг нь тасдаад л байвал дахиад шинээр
ургаад л байдаг шүү дээ. Тэгэхээр ямарваа зүйлийг өөрчлөхийн тулд
үндсийг нь өөрчлөх хэрэгтэй. Улс үндэстэн, хувь хүн өсч хөгжье гэж бодож
байгаа бол тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Бид өнөөдөр дөрвөн жилдээ нэг
удаа сонгууль явуулдаг маань тогтолцоог өөрчилж байгаа нэг хэлбэр л
дээ. Гэхдээ бид өмнөхтэй нь яг адилхан загвараар өөрчлөлтийг хийгээд
байгаа учраас шинэчлэгдэхгүй, хөгжихгүй байгаа юм. Хувь хүн ч гэсэн
үсээ, хувцсаа өөрчлөх, хичээж байгаад жингээ хасчихад бодол санаа,
сэтгэл зүрх нь дагаад өөрчлөгдөөд явчихдаг даа.
Тэрэнтэй яг адилаар хувь хүн, улс орон ялгаа байхгүй тогтсон
байдлаа өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тэгэхдээ мэдээж зөв зам
руугаа өөрчлөгдөж байх ёстой.
Мөн нөгөө талаас хүнээ хөгжүүлье, нийгэмшүүлье л гэж бодож байгаа юм бол
энэ төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Төр
засгийн байгууллагууд сүүлийн үед иргэний нийгмийн байгууллагуудтай их
хамтарч ажиллах талаар ахиц хийсэн л дээ. Гэхдээ тэр дунд цаанаа өөр
зорилготой нь ч байна, үнэхээр хүнийхээ төлөө нь ч байна. Бид олон жил
бясалгалын хичээлийг түрээсийн байраар явуулж ирсэн. Хүмүүсийг
бясалгадаг, тайвширдаг газартай болгох юм сан гэж олон жил хөөцөлдөж
яваа ч бүтэмж тааруу л байна. Бид бар улс болох гээд баар улс болчихсон
юм хойно. Өнөөдөр яагаад тийм олон баар, цэнгээний газрууд байна гэхээр
тэд эдийн засгийн хувьд оршин тогтноод байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс
үйлчлүүлээд байна. Хүмүүсийн ухамсар ийм л төвшинд байна гэсэн үг дээ.
Бясалгал хийх амар биш. Өөрт байгаа тэр олон муу муухайгаас салахын тулд
бага зэрэг тэвчээр хэрэгтэй. Үүнийг давж чаддаггүй учраас хүмүүс тэр
болгон зорьдоггүй. Уг нь хүмүүс өнөөдөр өвдөж, ядарч буй шалтгаанаа
арилгах ёстойг гэдгийг ойлгодог болсон байна. Чиний сэтгэл буруугаар
бодоод сэтгээд байгаа учраас, буруугаар үйлдээд байгаа учраас зовж байна
гэдгээ ойлгож эхэлсэн. Одоо тэдэнд туслах хэрэгтэй. Үүнд төр засаг ч
анхаарах ёстой.
-Хүмүүст сэтгэл зүйн талаар туслалцаа, үйлчилгээ тун их хэрэгтэй байдаг.
Гэтэл тийм үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн тун
ховор байна. Та бүхний явуулдаг бясалгалын сургалт, лекцүүд тийм
үйлчилгээний нэг гэж би бодож байна. Үүнийгээ улам үргэлжлүүлээрэй,
амжилт олоорой гэж хүсч байна.
-Баярлалаа. Би олон хүнийг бясалгалын багш болоход уруу татсан даа. Хүн
өөрөө өсч боловсрох, сэтгэлийн өргөн хаттай болох арга зам гэдгийг
таньсан учраас олон хүнийг уриалж багш болгосон. Багш болох явцдаа хувь
хүнийхээ хувьд ямар их өсч боловсорч, чадамжтай болсныг хардаг. Ямар ч
байсан атгаг чанараас давж гарсан байдаг. Олон хүнийг ийм болгох гэж
хүсдэг. Одоо ч гэсэн сургалт явуулж байгаа. Энэ баасан, бямба, гаригт л
гэхэд Гэрлэх ёслолын ордонд ээлжит сургалтаа явуулна. Эхний өдрийн
сургалт бясалгахад сургах бол дараагийн өдрүүдийнх йогийн дасгалд
сургана. Бясалгал хүний оюун санааг дотогш хандуулах, хөгжүүлэхэд
сургадаг бол йог бол бие махбодийг нь түүнд бэлтгэж өгдөг. Энэ хоёрыг
зэрэг сурахгүйгээр хол явж болохгүй. Йогоор хичээллэж махбодь нь хөгжлөө
гэхэд оюун санаа нь түүнээс хоцорч болохгүй шүү дээ. Мөн бясалгалаар
оюун санаа нь хөгжөөд байхад бие махбодь нь түүндээ гологдож болохгүй.
Үүнд бясалгал, йогийн ялгаа, харилцан уялдаа холбоо нь оршиж байдаг.
Манай сургалтыг хүлээдэг олон хүн бий. Тэгэхээр миний хүсч зорьж буй
зүйл амжилттай яваа гэдгийг би хэлж чадна.