Хөгжилд хөтөлсөн 90 жилийн алдаа оноог хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Хөгжилд хөтөлсөн 90 жилийн алдаа оноог хэлэлцэв

Монголын улс төрийн халуухан өрнөлтэй зэрэгцэн уул уурхайн салбарынхан өчигдөр хөгжилд хөтөлсөн 90 жилийнхээ тухай хэлэлцэв.  Хөгжил муутайгаараа цоллуулж, алтан дээр суусан гуйлгачин, түүлгэчнээрээ дуудуулж явсан Монгол Улс өнөөдөр дэлхийд эдийн засгийнхаа өсөлтөөр тэргүүлж, тэдний анхаарлын төв цэг болоод байна. Ихэмсэг дээрэнгүй гадаадынхан ийнхүү  монголчуудын өмнө бөхөлзөх болсон үндсэн гол шалтгаан нь газрын хэвлийн доорх асар их баялаг маань.  Тиймдээ ч Монголд сүүлийн жилүүдэд уул уурхайн томоохон чуулган олноор зохиогдож, тэр бүхэнд гадаад, дотоодынхон анхаарлаа чиглүүлэх болоод удаж буй.

“Mining Mongolia 90”. Сарын өмнөөс л рекламаа цацаж эхэлсэн  олон улсын чуулга уулзалт Улаабаатарт албан ёсоор өчигдрөөс эхэллээ. Хоёр өдөр болох уг чуулга уулзалтын гол зорилго нь 90 жилийнхээ алдаа оноог хэлэлцэж, ирээдүйнхээ замналыг тодорхойлох явдал. Улсын төсвийн 30 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж буйг чуулганы индэр дээрээс Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт дуулгаад өнөөдрөөс Монголын уул уурхайн салбарын түүхэнд шинэ хуудас нээгдэж буйг зарлав.

МҮСТО-нд цугларсан олонд хандаж, мөн уул уурхайн салбарт ажиллаж байгаа мянга, мянган хүмүүст хандан төрийн гурван өндөрлөг гурвуулаа мэндчилгээ дэвшүүлсэн нь энэхүү чуулга уулзалт хэр хэмжээнд зохиогдож буйн нэг илрэл юм.

Чуулга уулзалтыг нээж, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт  дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлдэг орнуудын дунд Монгол Улс 17.3 хувийн өсөлттэй байгаа бөгөөд дөрвөн жилийн дараа өндөр хөгжилтэй орны тоонд багтах боломж байгааг ч чуулга уулзалтад оролцогчдод салбарын сайд нь дуулгалаа.  Эдийн засгийн өндөр өсөлт энгийн иргэний амьдралд наалдаж байна уу гэсэн асуултад салбарын сайд “50 мянган иргэн энэ салбарт  ажиллаж, амьдралаа авч явж байгаа нь эдийн засгийн өндөр өсөлтөөс хүртэж буй гэсэн үг” хэмээн хариулсан.  Уул уурхайн салбар ДНБ-ний 20 хувь, экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 60 хувийг дангаараа бүрдүүлж байгаа гэнэ.

Чуулга уулзалтын ерөнхий сэдэв  “Уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчин, бодлого хэрэгжилт, хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн зах зээл” сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Д.Гарамжав “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”, АМГ-ын дэд дарга бөгөөд ГУУА-ны дарга М.Ариунбаяр “Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” зэрэг илтгэлүүдийг тавьсан.

Монгол Улс газрын хэвлий доороо асар их баялагтай ч гэлээ түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулахад дэд бүтцийн  хөгжил дутагдаж байгааг чуулганы үеэр ярилцав.

Уул уурхайн салбарын хөгжлийг дагаад байгаль экологийн асуудал нэлээн хөндөгддөг.  Үүнийг чуулганы үеэр салбарын сайд хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр алтны зарим компани, нинжа нар байгаль экологыг сүйтгэж буйг, мөн нүүрсний  тээвэрлэлт асуудал үүсгээд байгаа талаар ярина лээ.

Өнөөдөр өмнийн говийн бүсэд хүнд даацын автомашинаар тээвэрлэлт хийж байгаагаас үүдэн тоосжилт болон аваар ослыг асуудал анхаарлын төв дэх гол бэрхшээл болчихоод буй. Тиймээс төмөр замын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэйг чуулга уулзалтад оролцогчид онцолсон. “Төмөр замын асуудлыг шийдэж энэ оны хоёрдугаар хагаст төмөр замынхаа барилгын ажлыг яаралтай эхлүүлснээр уул уурхайн салбарын түүхэнд шинэ хуудас нээх болно” гэдгийг салбарын сайд амалсан шүү.  Нэмж хэлэхэд, дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд түүнийг нь улстөржүүлж байгаад сайдын санаа нь ихэд зовж байгаагаа нуусангүй. Төмөр зам эдийн засгийн хөгжлийн асуудал учраас улстөрийн биш байр суурьнаас нь хандах учиртай гэнэ.

Чуулга уулзалт болгонд хөндөгддөг “Урт нэртэй” хуулийн талаар “Mining Mongolia 90”-ийн үеэр ярилцсан.  Хууль батлагдсаны дараагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас орон нутгийн байгууллагуудтай хамтраад гол ус, ой модны сав газрын хилийн кадастрын зургийг гаргасан гэнэ. Өнгөрсөн хоёр жилийн турш Ашигт малтмалын газар энэ ажлыг хийсэн бөгөөд хил, хязгаарын координат тогтоосноо  Байгаль орчин, аялал жуучлалын яамныханд өгсөн гэнэ. Үүний дараагаар үйл ажиллагааг нь зогсоохын тулд нөхөн төлбөр олгох асуудлыг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрээл байгаа аж.  Нийтдээ алтны шороон 240 гаруй ордын лиценз цуцлахаас 98 лиценз дээр нөхөн төлбөр олгох юм байна. Бусад лиценз дээр нөхөн төлбөр олгохгүйгээр цуцлах шийдвэр гаргасан гэнэ. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ирэх долоо хоногт хэлэлцэхээр болжээ. Нөхөн төлбөр олгогдохгүй бусад лицензийг хэсэгчилэн болон бүхэлд нь цуцлах аж. Харин 98 компанийн нөхөн төлбөрийг улсын төсөвт суулгаж олгохоор болжээ. Мөн компаниудад нөхөн төлбөр олгох хүртэл үйл ажиллагааг нь хязгаарласан байна.

Чуулганы өнөөдрийн үндсэн хуралдаан “Монголын уул уурхайн салбарын бүтээгдэхүүний зах зээл, өрсөлдөх чадвар, байгаль орчин, техник технологи, дэд бүтэц, хүний нөөц”, харин салбар хуралдаан “Ашигт малтмалын боловсруулалт” сэдвийн хүрээнд явагдах юм байна. Дээрх сэдвийн хүрээнд яам, агентлагийн дарга нар сонирхолтой илтгэл тавих гэнэ лээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж