Олимпийн эрхийн төлөөх дотоодын “тулаан” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Олимпийн эрхийн төлөөх дотоодын “тулаан” эхэллээ

Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнээсээ хоёр эрх авч, нийтдээ найман тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Лондонгийн олимпийг зорих болсон Монголын чөлөөт бөхийн холбооноос өчигдөр мэдээлэл хийлээ. Чөлөөтийнхөн ирэх олимпийн наадамд эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг, эрэгтэйчүүдийн 55, 74, 84, 120 кг-ын жинд тус тус эрх аваад байгаа билээ. Хэдийгээр эдгээр эрхийг эмэгтэйчүүдээс Д.Отгонцэцэг /48 кг/, С.Бямбацэрэн /55 кг/, О.Насанбурмаа /63 кг/, О.Бурмаа /72 кг/, эрэгтэйчүүдээс Б.Наранбаатар /55 кг/, П.Өнөрбат /74 кг/, О.Үйтүмэн /84 кг/, Ж.Чулуунбат /120 кг/ нарын тамирчид эрхийн тэмцээнд зодоглон, медалийн болзол хангаж авчирсан ч “Чөлөөт бөхийн найман эрхийг тамирчдад бус Монгол Улсад өгсөн” гэдгийг Чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар мэдээлэлдээ онцлов. Тэрбээр мөн эмэгтэйчүүд эрх авах үүргээ “Сайн биелүүлсэн” гэсэн бол эрчүүдийг “50 хувьтай байлаа” гээд гол найдвар тавьж байсан 60, 66, 96 кг-ын жинд эрх авч чадаагүй тамирчдад “Хариуцлага тооцно” хэмээв. 

Бөхийн нэгдсэн төрлүүдийн холбоо буюу FILA-гийн дүрэмд тухайн жингийн эрхийг улс нь эзэмшиж, явуулах тамирчдаа сонгох эрх бүхий заалт бий болоод удаж байгаа ч өмнөх олимпийн наадмуудад бол манайд ихэвчлэн амжилт гаргаж, эрхийн болзол хангасан тамирчдаа явуулдаг жишиг үйлчилдэг байлаа. Харин энэ удаа бол Монголын чөлөөт бөхийн холбоо олимпийн наадамд оролцох дээрх жин тус бүрт эрх авчирсан тамирчнаас гадна хоёр тамирчныг хамт бэлтгэж, олимпийн өмнө тэднээс нэгийг нь сонгон зарлах нь ээ. Шигшээ багийн тамирчид маргааш Бүх ард түмний спартакиад буюу Улсын аварга шалгаруулах тэмцээнд зодоглоно. Үүний дараа эмэгтэйчүүд “Дэлхийн цом”-д, эрчүүд Энэтхэгт болох олон улсын тэмцээнд хүч үзнэ. ОХУ руу хамтарсан бэлтгэлд явахаар төлөвлөж байгаа бөгөөд олимпийн үндсэн бэлтгэлээ “Найрамдал” зусланд базаах юм байна.

Яг хэдэнд Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодрох вэ гэдэг асуултад “Одоогоор тодорхойгүй. Цаг нь болохоор мэдээлнэ” гэсэн хариулт өгч буй чөлөөт бөхийн холбоо олимпод оролцох тамирчдаа сонгохдоо сахилга бат, бэлтгэл сургуулилт, биеийн байдал, олимпиос өмнө оролцох тэмцээний амжилт зэргийг харгалзаж үзнэ гэсэн тайлбар хэлж байна.

Монголын чөлөөт бөхийн баг тамирчид 1980 оны Москвагийн олимпийн наадмаас хойш 32 жилийн хугацаанд олимпийн медальд хүрч амжаагүй байгаа. Тэр утгаараа Лондонгийн олимпод энэ холбооны тамирчид ямар амжилт үзүүлэхээс “ТОП” төрлийн тоонд чүй ай багтаж байгаа чөлөөт бөхийн спортын байр суурь хэмжигдэнэ.  Хэдийгээр эрх авсан тамирчиндаа бус жиндээ анхаарал хандуулж, 20 гаруй тамирчнаас наймыг нь шигших болсноо “Ардчилсан зарчмаар асуудлыг шийдэж байна” хэмээн тайлбарлаж байгаа ч эрхийн тэмцээнд оролцох тамирчдыг тухай бүрт нь сонгон шалгаруулахдаа Чөлөөт бөхийн холбоо “Ардчилсан бус” байдлаар хандаж байсан нь хэдэнтээ бий. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө эмэгтэйчүүдийн зарим жингийн тамирчдын нэрсийг тас нуусаар урдах хэдхэн хоногт нь зарласан байдаг. Олимпод оролцох, үгүйгээ мэдэхгүй тамирчин хоёр сарын хугацаанд ямар сэтгэлзүйгээр бэлтгэлдээ ханддаг юм бол… Эрх авсан тамирчдаа эгнүүлж суулгаж байгаад “Та нар явахгүй ч байж магадгүй. Монгол Улсад өгсөн эрх шүү” гэж зандрах тамирчдад хэр хүнд тусдаг юм бол…

Ямар ч байсан Монголын чөлөөт бөхийн холбоонд одоо алдаж алхах, даварч ярих ямар ч зай үлдээгүйг сануулъя.

Б.МАРАЛ   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж