
Үүний дараа Н.Энхбаярын толгойлдог МАХН-ынхан болон түүний гэр бүлийнхэн Н.Энхбаярыг батлан даалтад гаргуулахаар прокурорт хүсэлт гаргасан боловч нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг “мөрдөн шалгах ажилд саад учруулж болзошгүй” гэдэг үндэслэлээр батлан даалтад гаргахаас татгалзсан юм.
Учир нь, тэр өөрийг нь энэ хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээс хойш сүүлийн нэг жилийн дотор АТГ-аас 10-аад удаа мөрдөн байцаалтад дуудахад нэг ч удаа очиж мэдүүлэг өгөөгүй билээ. Үүний улмаас түүнийг албадан саатуулах шүүхийн шийдвэр гарсан боловч уг баривчилгааг явуулах үед Н.Энхбаяр хэрхэн зугтаж нуугдсан болон түүний улс төрийн холбоотнууд болох МАХН, МҮАН-ын дарга нар баривчлахаар очсон АТГ-ын ажилтнуудыг эсэргүүцэж, цагдаагийн тусгай ангиар хүч нэмэгдүүлэхээс аргагүйд хүрсэн, баривчлах ажиллагаа арван цаг гаруй үргэлжилж, телевизийн сувгууд шөнийн турш ажиллан бүрэн эхээр нь дамжуулсан зэргийг уншигчид санаж байгаа нь лав.
Харин одоо МАХН-ын удирдлагууд Н.Энхбаярыг суллуулахаар өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа. Н.Энхбаярын баривчилгаанаас болж МАХН-ын рейтинг огцом өсч, гишүүнчлэл нь улам нэмэгдэж байгаа тухай ч тэд өдөр алгасахгүй хэвлэл мэдээллээр цацаж байгаа билээ. Намын дарга нь авлигын хэрэгт шалгагдахаар намынх нь рейтинг суга өсдөг ийм жишиг Монголоос өөр оронд байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Нэг ёсондоо Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигын хэрэгт холбогдсон нь МАХН-ынханд харин ч “аз завшаан” болж, зодсоныг нь бус, зодуулсныг нь өмөөрдөг монголчуудын өр зөөлөн зан дээр гайгүй сайн тоглолт хийж байна. Ингээд арав гаруй жил “авлигын загалмайлсан эцэг” хэмээн цоллуулж явсан экс МАХН-ын /одоогийн МАН/ дарга, “Үндэсний их удирдагч” маань нэг л өдөр хүмүүсийн гэм нүглийн төлөөсөнд өөрийгөө цовдлуулсан Исус Христийн дүрд хувилчихлаа. Гэхдээ энэ хүн үнэн хэрэгтээ Исус уу Иуда юу.
Хорихын ажилтнуудаас дам сонсоход Н.Энхбаяр гуай Төв аймгийн мөрдөнд байхдаа болж өгвөл гаднаас янз бүрийн юм оруулчих гээд, элдэв эм бэлдмэл хайж, эрүүл мэндээ хохироочих гээд хэцүү л байсан гэдэг юм билээ. Тэд ч гэсэн хүн шүү дээ, яалаа л гэж бусдын өмнөөс хэрэгт орохыг хүсэх билээ. Аргагүйн эрхэнд нийслэл рүү шилжүүлсэн шиг байгаа юм. Тэгэхээр намынх нь нөхдүүдийн яриад байгаа “хэзээ мөдгүй үхэх гээд байна, даргыг хорлох гээд байна” энэ тэр гэдэг мэдэгдлүүд ч гэсэн санаандгүй биш санаатай, зорилготой ч юм шиг.
Нөгөө талаас Н.Энхбаяртай холбоотой өөр эх сурвалжийн мэдээллийг өөрийнх нь болон МАХН-ын нөхдүүдийн ярьж буй зүйлтэй харьцуулах бас нэг шаардлага шинээр гарч ирлээ.
Түүнийг Төв аймгийн хорихоос “Ганцхудаг” руу шилжүүлсэний дараа “Н.Энхбаяр гадаадын хуулийн фирмээс өмгөөлөл хүсчээ” гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлсэн билээ. Уг мэдээллийн анхны эх сурвалж нь гадаадын хэвлэлүүд. “Wall Street Journal”, “Financial Times” зэрэг барууны нөлөө бүхий хэвлэлүүдэд Н.Энхбаярын баривчилгаатай холбоотой нийтлэлүүд гарчээ. Тэдний анхаарлыг ийнхүү татах шалтаг юу билээ. Монголыг “моод”-онд оруулсан хорт Боб хочит Фрийдланд Монголын авилгач түшмэдээс авсан лицензээ зарсаар өдгөө тэрбумтан болж, дэлхийн хэвлэлд ч нөлөөлөх чадвартай болж.
2003 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа ОХУ-д төлөх их өрийг тэглэхийн тулд тэр үед Оюутолгойн орд дээр хөрөнгө оруулах гэрээ хэлцэл эхлээд байсан “Айвенхоу Майнз” компаниас 50 сая ам.долларыг Засгийн газрын нэр дээр зээлсэн билээ. Хожим Ц.Элбэгдоржийн Засгийн газар энэ өрийг “Айвенхоу Майнз”-д эргүүлэн төлсөн хэдий ч энэ зээлийн уршиг одоо хүртэл үргэлжилж байгаа юм. Өнгөрөгч даваа гаригийн шөнө АТГ-ынхан гэнэт хөдөлж, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг цагдан хорьсон, өчигдөрхөн “Саусгоби сэндс” компанийн оффисийн байранд нэгжлэг хийж, битүүмжилсэн зэрэг ч энэ хэрэгтэй холбоотой байж болзошгүй л юм.
Тодруулбал, их өрийг тэглэхийн өмнөхөн буюу 2003 оны арванхоёрдугаар сарын 16-нд АМГ-аас уул уурхайн 40 гаруй лиценз нэг өдрийн дотор “Айвенхоу Майнз”-д шилжсэн байдаг аж. 50 сая ам.доллараар авсан 40 гаруй лицензийнхээ зөвхөн нэгийг нь “Саусгоби сэндс”-т 900 сая ам.доллараар үнэлж зарсан зэргээс харахад Р.Фрийдлэнд, Н.Энхбаяр нарыг холбож буй ихээхэн том эрх ашиг байдаг бололтой. Н.Энхбаярын улс төрөөс бүрмөсөн явчихаж чадахгүй, тахимаа өгдөггүй бөх шиг эргэж зүтгээд байдгийн шалтгаан ч бас энэ байж мэднэ. Хэзээ эрх мэдэл нь дуусна, тэр цагт хэрэг нь сөхөгдөнө. Энэ мөнхийн айдас л түүнийг амар тайван амьдрах цаг хугацааг хойш татаж, эрх мэдлийн төлөө ингэтлээ улайрахад хүргэсэн ч юм бил үү.
Гадаад эх сурвалжид дурдсанаар бол Н.Энхбаяр хуулийн “Debevoise and Plimpton” фирмээс хууль зүйн тусалцаа авахаар хандсан бөгөөд өмгөөлөгчөөр лорд Петер Голдсмит ажиллахаар болсон аж. Лорд Голдсмит өнгөрөгч Даваа гаригт Монголд газардсан бөгөөд мягмар гаригт сэтгүүлчидтэй уулзаж, “Н.Энхбаярыг албадан баривчлах үеэр хуулийн байгууллагууд хүний эрх зөрчсөн, мөн түүний хэргийг прокурорт шилжүүлсэн болохоор цагдан хорих хугацааг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй” гэсэн билээ. Түүнчлэн энэ хэрэг дээр судалгаагаа үргэлжлүүлэхээ ч мэдэгдсэн. Петер Голдсмит нь 1950 онд Английн Ливерпуулд төрсөн, Англи, Уэльсийн Ерөнхий прокурор байсан, 2007 онд тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэртээ гарсанаас хойш “Debevoise and Plimpton” фирмэд ажиллаж байгаа гэсэн тойм мэдээ байна. Түүнтэй холбогдсон таагүй мэдээллүүд ч олон байдаг аж.
Зартай луйварчин, олигархи Борис Березовский, дарангуйлагч Александр Лукашенко нартай энэ ноёнтоны нэр холбогддог гэнэ. Үүгээр ч зогсохгүй Садуын Араб, их Британи улсын хооронд явагдсан олон тэрбум долларын хууль бус зэвсгийн наймааг хамгаалж олон улсын терроризмд дэмжлэг үзүүлсэн гэж тухайн үедээ хэвлэлүүд бичиж байжээ.
2006 оны 12 дугаар сард их Британид Аль ямама хэмээх нэртэй авилгалын хэрэг шуугиан тарьсан. 6 тэрбум фунт стерлингийн зэвсгийг Саудын Арабд зарахдаа Английн эрх баригчид 20 сая паундыг нь хувьдаа зувчуулсан хэрэг. Ноён Голд Смитын нэр энэ том шуугианд голлох байр суурь эзэлдэг. Мөнгө төгрөг идэж шамшигдуулсан энэ хэргийг замхруулах, хэрэгсэхгүй болгох, цайруулах тал дээр их чармайлт гаргасан нь их Иритани умард Ирландын түүхэнд хараар бичигдэн үлдсэн.
Аль ямамагийн шуугиан намжаагүй байхад ноён Голд Смит дахин нэг томоохон хэл аманд өртсөн нь Ерөнхий прокурорын албан тушаалаа урвуулан ашиглаж эрүүгийн ямар ч шийтгэлийг мөнгөн дүнгээр дүйцүүлэх санаачлага гарган гүйцэлдүүлэхийг мэрийсэн явдал. Олон мянган жилийн түүхтэй шударга ёс тогтоох явцыг зоосны нүхээр харах гэснийг нь английн ард түмэн илт дургуйцэн зогсоожээ. Түүний одоо ажиллаж байгаа “Debevoise and Plimpton” фирм нь 1931 онд АНУ-д байгуулагдсан. Хууль зүйн тусалцааг цогцоор олгодог. АНУ-ын Нью Йорк хотод төв нь байрладаг. Вашингтон, Лондон, Парис, Франкфурт Москва, Хонг Конг, Шанхай хотуудад салбаруудтай, 650 гаруй хуульч, өмгөөлөгчтэй. АНУ-ын Өмгөөлөгчдийн холбооноос гаргадаг судалгаагаар дэлхийд томд төдийгүй хамгийн ашиг орлоготойд тооцогдох хуулийн фирм гэнэ.
Харин Н.Энхбаяр энэ пүүс хоёр холбогдсон учгийг хөөвөл одоогийн МАН-ын удирдлагад ажиллаж байгаа, тухайн үед түүнтэй шадарлаж явсан нөхдүүд холбогдох бололтой.
Ямартай ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэрэг Монголын хууль хяналтын байгууллагуудын хяналтаас гарч, Монголын уул уурхайн баялагт эзэн суусан гадаадын хөрөнгө оруулагчид, дэлхийн долларын тэрбумтануудын гар хөл энэ хэрэгт оролцож эхэлсэн бололтой. Монголын төрийг нэгэн үе хаанчилж, нэг хэсэгт нь бурхан шиг тахигдан, нөгөөд нь буг шиг үзэгдэж явсан энэ эрхэм газар нутгаа гадаадынханд худалдчихаад, түүгээр тэжээгдсэн долларын тэрбумтангууд Монголын хууль, шүүхийн байгууллагуудыг дэвслэхэд бэлэн болоод байгаа юм биш үү…
