Путины анхны 11 зарлиг

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Ажлынхаа анхны өдөр Владимир Путин стратегийн шинжтэй анхны зарлигууддаа гарын үсэг зурав. Баримтуудад Оросын гадаад, дотоод бодлогыг тодорхойлж өгчээ. Орос АНУ-тай хамтран ажиллаж Тусгаар тогтносон орнуудын холбоотой харилцаагаа хөгжүүлэн, зэвсэгт хүчнээ шинэчилнэ. Мөн цалинг нэмэн орон сууцаар хангах ажлыг сайжруулна.

Зарлигийн гол агуулга нь гуравдахь ерөнхий­лөгч Дмитрий Медведевын толгойлох ирээдүйн Засгийн газарт ханджээ. “Түүний өмнө ээдрээтэй  бөгөөд маш хариуцлагатай үүрэг тулгарч бай­на. Түнд амжилт хүсье” гэсэн үгээр Путин ина­гу­рацийн дараа Медведевт ерөөсөн юм. Гэхдээ Кремлийн сайтаар  нийтлэгдсэн анхны зарлигуудаараа тэр залгамжлагч ерөнхий сайдад үүргийг нь хөнгөлөхгүй гэдгээ  ойлгуулж өгөв бололтой.

Төрийн тэргүүний анхны өдөр гарын үсгээ зурсан “Гадаад бодлогын чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” гэж Оросын гадаад бодлогын тэргүүлэх үүргийг  заасан зарлигийг гадаадын хэвлэлүүд хамгийн их иш татаж байна.

НҮБ-ын төв үүргийн тухай, “Их хорь”, “ Их найм”, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага ба BRICKS-ийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар Путин өгүүлсэн байна. Хамтын ажиллагааны гол чиглэлээр Тусгаар тогтносон орнуудын холбооны  орон зайд ажиллахыг тэр нэрлэв. Белорусьтай  холбооны улс байгуулах, Гаалийн холбооны хүрээнд интеграцлагдах, Евроазийн эдийн засгийн орон зайг бий болгох зэргийг Путин онцлон заасан байв.

АНУ-тай хэрхэн хамтрах вэ?

Тэрээр зарлигаа АНУ-тай харилцахад чиглүүлжээ.  “АНУ-ын даяарчлалын пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулахтай холбоо бүхий Оросын хандлагыг тууштай хамгаалан АНУ-аас стэр системийн Оросын цөмийн барих хүчний эсрэг чиглэгдээгүй гэсэн хатуу баталгааг  гаргуулахын төлөө ажиллах шаардлагатай”-г Путин онцолсон байна.  Үүний зэрэгцээ Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулахаар АНУ-тай байгуулсан гэрээний хэрэгжилтийг тууштай хангахыг Путин үүрэг болгожээ.

Оросын албан ёсны болон хувь хүний эсрэг нэг талын хориг арга хэмжээ авахыг зогсоох үүднээс идэвхтэй ажиллах ёстойг Путин тусгажээ. Ийм маягаар ажиллан хоёр орны харилцааг жинхэнэ стратегийн төвшинд авчрах ёстой гэнэ.

Зэвсэгт хүчний хөгжил

Цэргийн салбарыг шинэчлэх хоёр зарлиг гаргасан байна. 2020 он гэхэд орчин үеийн зэвсгийн эзлэх хувийг 70 болгох. Цөмийн зэвсгийн барих хүчний хөгжил, сансар, агаарын хамгаалалт, холбоо, тагнуул, удирдлага, Тэнгисийн флот зэрэгт түлхүү анхаарахаас гадна 2012 онд үндэсний аюулгүй байдалд анхаарч, гадны заналхийллын эсрэг стратегийн төлөвлөлт болон дүн шинжилгээ хийх шинэ систем байгуулахыг Засгийн газарт үүрэг болгожээ.

Үүний зэрэгцээ батлан хамгаалахын зэвсэг, техникийн нээлттэй уралдаан, дуудлага  худалдаа зохион байгуулах практикийг өргөжүүлнэ. Батлан хамгаалах салбарын сонирхлын дагуу суурь ба туслах чанарын хөтөлбөрүүдийг татан оролцуулж, өндөр технлогийн судалгаа, цөмрөлтийн чанартай бүтээмжийг дээшлүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Цэргийн албан хаагчдыг орон сууцаар хангах, чөлөөний цэргийнхний тэтгэвэр тэтгэмжийг нэмэх 2012 онд армийн үл хөдлөх хөнгийн тооллого явуулахыг Путин Засгийн газартаа үүрэгдэв.

Таван жилийн дотор гэрээт цэргийн албан хаагчдын тоог жил бүр 50 мянган хүнээр нэмэгдүүлэх ёстой гэдгийг ч заажээ.

Бизнесийн нөхцлийг сайжруулах

“Урт хугацааны төрийн эдийн засгийн бодлогын тухай” зарлигтаа 2020 он гэхэд өндөр бүтээмжтэй 25 сая ажлын байрыг бий болгон  сайжруулах, хөрөнгө оруулалтын хэмжээг 2015 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувьтай тэнцэхээр нэмэгдүүлэх, өндөр технологи ба шинжлэх ухааны багтаажтай эдийн засгийн салбарын бүтээгдэхүүний хувийг 2018 он гэхэд ДНБ-ний гуравны нэгтэй тэнцэхээр болгох, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг 2018 он гэхэд 1,5 хувиар нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт даалгав.  Мөн тэрээр Дэлхийн банкнаас гаргасан бизнесийн нөхцлийн чансааны 120 дугаар байрнаас 2018 онд 20 дугаарт бичигдтэл үсрэлт хийх үүрэг тавив. Мөн хувьчлалын төлөвлөгөөг эрс өөрчлөн 2016 онд батлан хамгаалахад цогцолборт хамаарахгүй түүхийн эдийн биш салбарын капиталаас улсыг гаргах ажиллагааг 2016 онд дуусгах үүрэг өгөв.

Бодит цалин

Путин өөр нэг зарлигтаа 2018 он гэхэд бодит цалингийн хэмжээг 1,4-1,5 дахин нэмэгдүүлэх үүрэг өгөв. Цалин хамгийн ихээр багш, эмч нарт өснө. 2020 он гэхэд Оросын таван их сургууль дэлхийн 100 шилдгийн тоонд орсон байх ёстой. Шинжлэх ухааны сангуудын хөрөнгө нь зургаан жилийн дараа 25 тэрбум рубль болно. Мөн энэ хугацаанд өвчин ба ослоор амь үрэгдэгсдийн тоо буурах бөгөөд хүний дундаж нас 74 хүрэх ёстой.

Өөр нэг зарлигт нь орон сууцны асуудал оржээ. Түүний дагуу оросууд 2018 он гэхэд хэрэглээний үнийн индексээс 2,2 хувиас илүүгүй байх үл хөдлөх хөрөнгийн ипотек авна. Орос айл 15 жилийн дотор орон сууцны нөхцлөө сайжруулж байх ажээ.

Төрийн үйлчилгээг интернэтээр хийнэ

Төрийн үйлчилгээний болон хот захиргааны үйлчилгээний чанарт эрс өөрчлөлт гаргах тухай золилтын Путин дэвшүүлэв. Үйлчилгээний 90 хүртэл хувийг интернэтийн сүлжээгээр явуулах ёстой болж байна. Үүнээс гадна иргэд санаа бодлоо интернэтээр дэвшүүлээд тэр нь 100 мянган дэмжлэг авч чадсан бол Засгийн газар нь түүнийг заавал хэрэгжүүлж байхаар Путины зарлигт буужээ. Мөн Засгийн газар энэ жилийн арваннэгдүгээр сар хүртэл орос хэл, Оросын түүх ба ОХУ-ын хуулиар улсын шалтгалт авч байх журмыг бэлтгэх ёстой болсон байна.
Путин дараагийн өдөр нь бас нэг зарлиг гарган Төрийн думаар батлагдсны дагуу ерөнхий сайдаар Дмитрий Медведевыг томилов.

Ш.МЯГМАР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж