Гал түймрээс амьд үлдсэн, 90 хувийн түлэгдэлтэй байгаа аврагч Г.Багабиш онцгой байдлын салбарт 23 жил ажилласан, хашир туршлагатай албан хаагч аж. Тэрээр салхины эрч өөрчлөгдөж гал нөмрөх үед хамт ажиллаж байсан дэд ахлагч А.Болорсүхийг өөрийн дор хийж газар унан амийг нь аварсан байна. Дэд ахлагч, 24 настай А.Болорсүхийн дөрвөн мөч, нүүр түлэгджээ. Тэрээр онцгой байдлын байгууллагад дөрвөн жил ажиллаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар Баяндун сумын тал хээр хосолсон газар түймэртэй байгаа бөгөөд сум руу 30 орчим км-т тулж иржээ.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Онцгой байдлын албаны дэслэгч, 38 настай Ч.Намжилдаш албандаа 16 жил зүтгэхдээ аврагч, шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллажээ. Тэрбээр 2009-2011 онд хэлтсийн аврах отрядод бүлгийн дарга, 2011 оны аравдугаар сараас Эрэн хайх аврах салбарт бүлгийн даргаар ажиллаж байж. Харин 28 настай Ж.Одбаяр онцгой байдлын албанд найман жил ажилласан бөгөөд 2004-2005 онд Зэвсэгт хүчний 122 дугаар ангид аврагч, 2005 оноос Дорнод аймгийн Эрэн хайх аврах салбарт аврагчаар ажиллаж байв. Тэрбээр Дорнод аймгийн 13 сум, Хэнтий аймгийн нутагт 120 гаруй цаг ажиллахдаа 14 хүний амь нас аварч, олон мянган мал, бэлчээрийг аварсан байна. Ахлах ахлагч, 28 настай С.Бат-Эрдэнэ долоон жил онцгой байдлын албанд ажилласан. Тэрбээр Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Матад зэрэг 13 сумын нутагт гарсан 34 удаагийн ой хээрийн түймрээс 14 хүний амь, 26 айлын гэр, 18 хашаа саравч, олон мянган мал, 4 сая гаруй бэлчээрийг аварсан гавьяатнууд байжээ.