“Түүхэн үзүүлэлтүүдийг эвдсэн он жилүүд байлаа”

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

“Түүхэн үзүүлэлтүүдийг эвдсэн он жилүүд байлаа”

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Таныг АТГ-аас нэлээд ээрч, нэлээд хэдэн үндэслэлээр шалгасан. Асуудал юу болж байгаа вэ?

-Аймгуудын засаг дарга нарыг тойрсон маргаантай асуудлууд хэвлэлээр гарч тэдний дотор намайг АТГ шалгаж байна гэсэн мэдээллүүд гарсан. Энд би няцаалт энэ тэр хийж гүйсэнгүй, эхлээд шалгуулах газар нь бүгдээр нь шалгуулсан. Өнгөрсөн 4 жил Сүхбаатар аймагт юу хийсэн талаар МУ-ын засгийн газрын мониторингийн алба шалгаад ажил хэвийн явж байна гэж дүгнэсэн. Энэ шалгалт бол 6-7 жилд нэг удаа аймгуудаар явдаг юм. Тэгээд манай ажлыг даргаараа удирдуулж очоод шалгасан. Дараахан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас групп шалгалт очиж бүх хөрөнгө оруулалтын ажлууд, аймгийн хөгжлийн санг шалгаад ямар нэгэн зөрчилгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Энэ шалгалт таван жилд нэг удаа хийгддэг юм. Мөн АТГ-аас бичээд байгаа мэдээллийн дагуу очиж шалгаад ямар нэгэн холбогдолгүй гэдгийг нь тогтоочихсон. Ийм том том шалгалтууд хийгдээд дүгнэлтээ гаргачихсан байхадасуудал ойлгомжтой. Ер нь энэ бүх гарсан мэдээллийн гол шалгаан нь сонгууль дөхөж байгаа явдал биз. Сонгууль дөхсөнөөр улс төрчдийн рейтинг ерөнхийдөө тодорхой болж, өрсөлдөгч нар хар пиар явуулж байгаа нь энэ. Тэд сэтгүүлч нэр зүүсэн хүнд 3 өрөө байр авч өгч, тэр нь авилгалын төлөөсөндөө баахан худал юм гаргаж ирсэн юм билээ. Би өөрөө шалгуулж дуусаад тэр бичсэн хүнийг нь өөрийг нь АТГ-т шалгуулахаар өгчихөөд байж байна. Гүтгэсэн нь нэгэнт тодорхой болсон тул гүтгэсэн хүнийг АТГ шалгуулахаар өгсөн байгаа.

-Сүхбаатар “улаан”-аараа алдартай тойрог. Таныг одоо л “цэнхэр”-түүлж байгаа гэх юм билээ?

-Миний улс төрийн замналын түүх бол Сүхбаатар аймагтайгаа салшгүй холбоотой. Сургууль төгсөөд л би нутаг орондоо ажилласан. Ардчилсан сонгууль бий болсон 1992 оноос хойш манай аймагт АН ялалт байгуулж байгаагүй. 1992 онд Ч.Хурц, Ж.Гомбожав гуай хоёр гарч ирж байлаа. 1996 онд Ч.Улаан, О.Дашбалбар гэж гарч ирж байлаа. 2000 онд Ч.Улаан, Ш.Бадам, 2004 онд Ч.Улаан, Р.Буд, гэх мэтээр завсаргүй МАХН гарч байлаа. Харин 2004 онд орон нутгийн сонгуулиар Ардчилсан хүчнүүдийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж ялалт байгуулсан ч бодлого боловсруулах боломжгүй байсан. Яагаад гэвэл тухайн үед МАХН маш хүчтэй байлаа. УИХ-д байсан Ч. Улаан эвслийн ЗГ-ын шадар сайд байсан.

Тэр хүн бидний бодлого хэрэгжүүлэх боломжийг хаасан. Харин 2008 онд ард түмэн дахин намайг сонгож бидэнд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олгосон юм. Өнгөрсөн дөрвөн жил үндсэндээ Сүхбаатар аймгийн түүхийн үзүүлэлтүүдийг эвдсэн, өөрчлөлт хийсэн он жилүүд байлаа. Хүмүүс улстөрчдөөс бодит ажил л хүсдэг. Түүнээс биш хуучин соц нийгмийн үеийнхэн шиг төлөвлөгөө давуулан биелүүлсэн энэ тэр гэх нь ард түмэнд сонин биш. Яг амьдрал дээр буусан бодит ажил буюу замтай болох уу, цэвэр ус уух уу, махны үнэ буух нь уу, айх зүйлгүй амгалан тайван нөхцөлд амьдарч чадах уу гэх мэт ийм л бодит ажлыг ард түмэн хүсдэг. Хүмүүсийн хүсэж байсан зүйл нь бидний мөрийн хөтөлбөр болсон. “Бид чадахыгаа амлана, амласнаа биелүүлнэ” гэсэн уриатайгаар сонгуульд орсон. Тэгээд бид амласан бүхнээ биелүүлсэн. Дээр нь шинэ шинэ ажлууд нэлээд хийгдсэн. Тиймээс ард түмэнд АН-ын баг бүрэлдэхүүн таалагдчих юм биш байгаа гэж олон жил төр барьсан хүмүүс үүнийг цочирдож хүлээж авч байна л даа. Тийм ч учраас над руу ч юмуу чиглэсэн гүтгэлгүүд гаргаж байгаа нь харагдаж байна.

-Сүхбаатар аймагт хийсэн бүтээсэн зүйлээсээ тоймлож яривал?

-Бид Сүхбаатар аймагт “Хөрөнгө оруулалт-Хөгжлийн чуулган” анх удаа хийж аймгийн тухайн үеийн эдийн засаг, нийгэм, газар нутаг, геополитикийн чадамжуудыг гаргаж ирж тавьсан. Уг чуулганаар гадаад дотоодын 300-аад төлөөлөгчид оролцож “Яаж Сүхбаатар аймгийг хөгжүүлэх вэ” гэсэн хөгжлийн хөтөлбөрийг гаргасан. Сүхбаатар аймгийн хөгжлийн гол түлхүүр бол эрчимжсэн мал аж ахуй юм. Дараа нь Ази, Европыг дамжсан зам. Энэ зам заавал Сүхбаатар аймгийг дайрч өнгөрөх ёстой. Мөн Монгол улсаас далайд гарах хамгийн дөт гарц бол Сүхбаатар аймаг. Үүнийг бид хоёрдахь хөгжлийн гарц гэж тодорхойлж байна. Нүд алдам тал, хялганат хээрийн бүсийн тогтоц бол дэлхийд ховор шүү дээ. Алтан овоо, Шилийн богд гээд үзэсгэлэнт газрууд манай аймагт байна. Үүнийгээ түшиглээд аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх асуудал байна. Дөрөвдэхь нь хариуцлагатай уул уурхай. Уул уурхайгаас олборлож байгаа зүйлийг төвөөрөө гаргах нь буруу, заавал хоёрдогч, гуравдагч үйлдвэрлэлийг бий болгож байх ёстой. Түүнийг дагасан нэмүү өртгүүдийг орон нутагтаа хэрэгжүүлж ажлын байраар хангах ёстой гэж бид үзэж байна.

-Та Монгол Улсаас далайд гарах хамгийн дөт гарц бол Сүхбаатар аймаг гэлээ. Сүхбаатараас яаж далайд гарна гэж?

-Сүхбаатар аймгаас урагшаа 800 км яваад л далайд гарч Тяньжин орох боломж байна. Энэ бол далайд гарах хамгийн дөт зам. Монголын хил дээр төмөр замтай болчихсон. Манай Бичигтийн боомт дээр үйлдвэр техникийн парк байгуулаад гадны түүхий эд орж ирж угсрагдаад гаргадаг байж болно. Европ, Америкийн зах зээл дээр “Монголд үйлдвэрлэв” гэсэн бараа бүтээгдэхүүн татваргүй. Үүнийг сонирхох улс олон. Ийм сайхан нөхцөл боломжууд бидэнд байна шүү дээ

-Сүхбаатар аймагт нэлээд ажил хийгдсэн байна. Танд илүү давуу боломж байсан уу. Өмнө л Ч.Улаан сангийн сайд байхдаа хамаг хөрөнгө оруулалтыг тойрогтоо татдаг гэдэг байсан?

-Сүхбаатар аймагт илүү хөрөнгө оруулалт оччихсон юм ерөөсөө ч байхгүй. Гол нь бид менежментийг сайн хийж чадсан. 100 саяыг 5 тэрбум болгох, 300 саяыг 10 тэрбум болгодог тийм менежментүүд байна. Сүхбаатар аймгийн 70 жилийн түүхэнд рекорд эвдсэн бүх үзүүлэлтүүдийн нууц нь баг бүрдүүлж чадсанд байгаа юм.. Түрүү үеийн ах эгч нарын бүтээсэн зүйл бидэнд ирсэн. Би тэр хүмүүсийг халж солихоосоо гар нийлж ажилласан. Тэдний ажил амьдралын их туршлага хуримтлуулсан үе, бидний ид ажлын нас бие биенээ нөхөж ажиллаж чадсан.

-Сүхбаатар аймагт мал хэр өсөв. Мал өсөх нь аймгийн засаг даргын хичээл зүтгэл гэхээсээ илүү малчдын хөдөлмөрт ихэнх нь байдаг ч бас даргын зөв менежмент их чухал юм шиг санагддаг?

-70 жилийн түүхэнд Сүхбаатар аймгийн мал сая таван зуун мянга байсан бол өнөөдөр 2 сая 800 мянга болоод түүхэндээ хамгийн өндөр тоонд хүрсэн. Энэ хавар 900 мянган төл авч ингээд бараг мал 3 сая тоо толгойд хүрлээ. Хөдөө аж ахуйгаасаа орлого нэмэгдсэн. Хурдан морины орлого гэж өдий төдий төгрөг орж байна. Иргэдийн хадгаламж 6 тэрбум байсан бол одоо 18 тэрбум буюу 6 дахин өссөн байна. Иргэд аж ахуйн нэгжүүд 15, 18 сая төгрөгний зээл авдаг байсан бол одоо 40 сая төгрөгний зээл авч байна. Чанаргүй зээлийн багц нь багассан байна. Хүн өссөн, мал, өрхийн орлого, гээд бүхий л талаараа Сүхбаатарчуудын амьдрал дээшилсэн. Ажилгүйдлын тоо буурсан. 200 хүртэлх малтай айлын тоо багассан. Мянгат малчны тоо гурав дахин өссөн гэх мэт эдийн засгийн бүх статистик үзүүлэлтүүд эерэг гарсан. Харьцангуй том баг гар нийлж ажилласаны үр дүнд ийм ажлын амжилт гаргаж ажилласан.

-Зам бол хөгжлийн гол түлхүүр. Энэ тал дээр яаж ажиллав?

-70 жилийн түүхтэй Сүхбаатар аймгийг бид 7 км засмал замтай л авсан. Эндээс харахад 11 жилд нэг км зам тавьсан байна гэсэн үг. Тэгэхэд бид 4-н жилд 22 км засмал замыг тавьсан байна. Ингээд харьцуулаад бодоод үзээрэй. Аймгийн төвд дөрвөн жилийн өмнө өглөө нэг эмэгтэй гадуур гарлаа гэхэд өдөрт хэд хэдэн удаа хөлөө угаахаас өөр аргагүйд хүрч байсан. Учир нь хаана ч явсан шороон замтай. Одоо бол өглөө гарсан хүн орой гэртээ орж болохоор хэмжээнд очсон. Машин явах газраар нь машины, явган хүн явах замаар нь явган хүний зам тавигдсан. Бүх сумд төвийн эрчим хүчний систем, шилэн кабельд холбогдсон. Эрүүл мэндийн стандартын шаардлага хангасан байртай болсон. Хоёр суманд сургууль бариулаад дуусаж байна. 15 цэцэрлэгтэй байсан бол одоо 21 цэцэрлэгтэй болсон. Одоо 640 хүүхдийн сургууль ашиглалтанд орох гэж байна. 1000 хүний суудалтай спорт цогцолбор одоо ашиглалтанд орох гэж байна. 4 жилийн хугацаанд 1000 гаруй орон сууц баригдлаа. Бүгд ашиглалтанд орчихсон. Ингээд үзэхээр Баруун-Урт шинэ үеийн хот болох сууриа тавьчихсан байна.

-Аймгийн төв ийм байж хөдөө сумдын хувьд?

-Сумдын иргэд нэг их өндөр ордон, харш хүсээд байдаггүй юм. Сумын иргэд төрийн үйлчилгээ шуурхай байх, айх аюулгүй тайван амгалан орчин, хог новшиндоо дарагдахгүй байх гэсэн хэдэн зүйлийг хүсэж байгаа юм. Үүнийг бид бүрдүүлж өгч чадсан. 2008-2012 он хүртэл Баруун-Урт руу хөгжлийн бодлогыг хаясан. Энэ жил бид Алтан-Овооны наадмаас өмнө Дарьганга сумыг шинэчлэх гэж байна. 2016 он гэхэд бүх сумдаа төвлөрсөн халаалтанд оруулна, төвийн эрчим хүчний системд холбогдоно. Ийм бодлогын асуудлууд байна. Зарим аймгууд эрчим хүчээ авч чадахгүй хангагдаж чадахгүй төвлөрсөн цахилгаанд холбогдоогүй байхад Сүхбаатар аймагт байдал огт өөр. Нэг суманд гэхэд л гар утасны 3-4 оператор байх жишээтэй.

-Ундны усны хувьд Сүхбаатар аймаг тулгамдсан асуудал байсан. Хамгийн муу устай аймаг гээд л улсдаа цоллуулдаг байлаа шүү дээ?

-Говь-Алтай, Сүхбаатар аймгууд бол цэвэр усны асуудалтай, 20-30 км-ын гүнээс усаа авдаг байсан. Ирсэн ус нь кали, магни, хужир шүү ихтэй байсан. Ус муутай болохоор иргэдийн дунд элэгний өвчлөл ихтэй байсан. Одоо бол 2000 кубметр сан үүсгээд тэр сангийнхаа гаралт дээр нь ус цэвэршүүлэх төхөөрөмж тавьсан. Олон шүүлтээр дамжаад угаагдаад хэрэглэгчдэд хүрч байгаа. Сүхбаатар аймгийн усны асуудал шийдэгдэж Баруун-Урт хотынхон крантнаасаа дэлгүүрийн цэвэр ус шиг ус уудаг болсон шүү. Цаашдаа бид үүнийгээ улам төгөлдөржүүлж цэвэрлэгдсэн хаягдал усаа ашиглаад цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

-Батсуурь гэдэг хүний улстөрийн карьер хэдийнээс эхэлсэн юм бол?

-Зах зээлийн эдийн засаг эхэлж байсан үеийн анхны боловсон хүчин л дээ би. Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, хөрөнгийн биржийн Золжаргал нар бол манай багш байсан. Би оюутан байхдаа жагсаал цуглаан гээд явж байсан. Буянгийн Б.Жаргалсайхан, Д.Сосорбарам хоёроос МОХ-ны үнэмлэхийг авч байлаа. Нэг хэсэг эхнэр хүүхэдтэй болж, амьдралаа зохиох гээд 4-5 жил жаахан завсарлаад эргээд улс төрлүүгээ орчихсон ийм л хүн юм.

-Та аль сумын хүн вэ?

-Наран сумынх. Наран суман дотроо хилийн бригадад төрсөн. Малчин хүний хүүхэд. 8 хүүхэдтэй айлын бага нь, ээж аавыгаа 50 хүрч байхад нь төрсөн. Аав ээж хоёр маань өөд болсон. 70, 80 хүрч байж бурхны оронд явсан даа. Аав минь намайг арав дугаар анги төгсөх жил, ээж маань засаг дарга болохыг минь үзээд л нас барсан даа.

-Олон хүүхэдтэй айлын бага хүүхдүүд эрх байдаг юм шиг. Таны хувьд?

-Тийм юм байхгүй. Хөдөө чинь юундаа ч эрхлэхэв дээ. Ер нь бол би хөдөөний амьдралыг гарын арван хуруу шигээ мэднэ. Хөдөө төрж өсссөний давуу тал тэр. Намайг айлын бага хүүхэд сайн сурч байна гээд сумандаа дөрөвдүгээр анги төгсөхөд манайх аймгийн төвд нүүж ирсэн. Бага хүүгээ боловсролтой болгох гэж л тэр. Тэгээдч би аав ээжийнхээ итгэлийг дааж сайн сураад хот руу сургуульд явсан. Тэр үед аав ээжийн маань нэгнийх нь тэтгэвэр 81 төгрөг, нэг нь 91 төгрөгөөр авч байсан юм. Тэгээд хүүгээ сургуульд явуулна гээд хоёулаа бүтэн жилийнхээ тэтгэврийг хурааж би 2000 төгрөгтэй хүн хотод орж ирж байсан. Тэр цагаас хойш дахиж аав ээжээсээ, ах дүү хамаатнаасаа мөнгө төгрөгний дэмжлэг авч байгаагүй.

-О.Дашбалбар агсан тэмцэгч гишүүдийн нэг байсан шүү дээ? Та хоёр бол нэг сумын хүмүүс юм байна шүү дээ?

-Манай О.Дашбалбар их сод хүн байсан л даа. Би О.Дашбалбарын тэр яруу найраг, гайхалтай уран үгээ урлаад явж байсан бол илүү урт наслаж дэлхийг гайхшруулсан сайхан яруу найрагч байх байсан болов уу гэж боддог юм. Улс төрийн зам, хувь хүний зам нь ямар байхыг би мэдэхгүй л дээ.

-Дөнгөж оюутны ширээнээсээ жагсаал цуглаан хийгээд бужигнуулаад явж байсан юм байна. Аав ээж тань юу хийгээд байнаа гээд дургүйцэж байв уу?

-Намайг соц нийгмийн хамгийн сүүлийн жил 1989 онд 10 жилийн сургуулиа төгсөөд хотод сургуульд ирж, нэгдүгээр семестер дуусаагүй байхад л хонхны дуу цуурайтаад жагсаал цуглаан болж, өлсгөлөн зарлаад бүх зүйл өөрчлөгдсөн. Бид чзалуу улсууд тэр бүхнээс хоцроогүй. Аав маань жинхэнэ монгол цөлх хүн эр хүн байсан. Насаараа нэгдлийн мал малласан л хүмүүс. Жагсаал цуглаанд явлаа гээд намайг хориглох хүн байгаагүй. Тэр үед одооныхтой адил гар утас шөрмөс гэж байгаагүй. Амралтаараа л нэг аав ээж дээрээ очиж амар мэндээ мэдэлцэнэ. Тийм болохоор элдэв асуудал гараагүй.

-Та хувийн бизнес эхлүүлсэн гэж байсан. Ямар бизнес вэ?

-Оюутан байхдаа шүр сувдны наймаанаас авахуулаад хийж байсан. Захын үүднээс 300 ширхэг сувд 30 төгрөгөөр авлаа гэхэд дээд талд нь гараад л 60 төгрөгөөр зарчихдаг байх жишээтэй. Маш их мөнгөөр эргэдэг байсан хэрнээ одоо тэрнээс үлдсэн юм гэвэл ганцхан 22 мянган төгрөгөө авч байсан улаан хивс л одоо манайд байдаг даа. Тэрэндээ эхнэр бид хоёр их хайртай гэж жигтэйхэн. Би барууны машиныг Сүхбаатар аймагтаа хамгийн анх оруулж ирж байлаа. Сүхбаатар аймагт гэхэд л л анхны УАЗ 469-ыг оруулж ирж унаж, Иж планет-5 мотоциклыг 200-300 аар нь оруулж ирж зардаг байсан. Ямар ч байсан амьдралаа товхнуулчихээд төрд зүтгэсэн.

-Одоо та ямар бизнестэй вэ?

-Би амь амьдралаа авах тэр хэмжээнд хүрч, төрөөс горьдоод байх зүйлгүй болчихоод төрийн ажилд орсон. Гэхдээ одоо надад эрх ашгийн зөрчилтэй зүйл байхгүй. Надад нэг ширхэг ч лиценз байхгүй. Уурхайд нэг ширхэг ч хувь байхгүй. Харин намайг Сүхбаатар аймгийн засаг дарга болоход газар нутгийн 67 хувь нь ямар нэгэн байдлаар лиценз олгогдсон байсан. Одоо энэ тоо нийт нутгийн 63 хувь болсон. Ашигладаггүй лицензүүдийг хураагаад авчихсан. Лицензийн наймаа хийдэг хүмүүсийг зогсоосон. Төрд байсан лицензийг хувь хүн авч байсан гэхээс биш хувьд байсан юмыг төрд авсан түүх байхгүй. Гэтэл Сүхбаатар аймагт хувь хүнд байсан лицензийг төрд авсан нь Батсуурь хувьдаа авчихлаа гэсэн ташаа мэдээллийг гаргасан. Монголд энэ нь ганцхан ч байж магадгүй л юм.

-Та аймгийнхаа өмч хувьчлал дээр ажиллаж байсан. Одоо та хэр хувьцаатай вэ?

-Одоо надад хүмүүсийн л адил жижиг жижиг хувьцаа бий. Өмч хувьчлалын хувьцааг жирийн иргэдийн адил л эзэмшиж байсан. Тэрнээс биш том юм авчихсан зүйл байхгүй.

-Хэдийгээр төрийн албаны хүн ч Сүхбаатар аймгийн хүнтэй уулзчихаад морь асуухгүй байж болохгүй. Та хурдан морь уядаг уу?

-Би малчин хүний хүүхэд. Багадаа хурдан морь унаж өссөн. Одоо надад аав ээж, найз нөхдийн бэлэглэсэн гээд хэдэн адуу бий. Миний нэр дээр байдаг найз нөхдийн уяж уралдуулдаг морьд бий. Гэхдээ би өөрөө морь уядаггүй. Уяхгүй байх шалтгаан надад бий. Ард түмэн морь уйж байхад би төрийн албаны хажуугаар морь уяад давхиад байхыг боддоггүй. Хэрвээ би морь уях бол төрийн ажлыг хийхгүй байх ёстой гэж үздэг. Би амьдралдаа нэг зарчим барьдаг юм. Хүн ер нь нэг ажил хийсэн бол тэрнийхээ төлөө л явах ёстой гэж.

Тэгэхээр би төрийн ажил хийчихээд хажуугаар нь морь уяна гэдэг миний барьдаг зарчимд харш. Төрийн албаа хийхгүй бол морины хоббигоо дагнаад явна гэж боддог. Сүхбаатар аймгийн нэг бренд бол яалт үгүй хурдан морь. Сүхбаатарын нэг азарга хагас тэрбум хүрсэн гэдэг. Ард түмэн морь малаа зарж тэр мөнгийг нь амьдрал ахуйдаа хэрэглэх нь зүйн хэрэг. Тэр нь үнэд хүрч байгаа бол бүр сайн. Жилд багцаалахад 200-аад сая төгрөг хурдан морины наймаанаас Сүхбаатарт ордог гэх тооцоо байдаг. Би тэр утгаараа морь уядаг хүмүүсийг дэмждэг. Төр дэмжих ёстой. Нөгөө талаасаа хариуцлагатай байх ёстой. Тэр айлын нялх нойтон хүүхдийг унах бэртэхээс хамгаалдаг байх хэрэгтэй. Морь малаа болгоомжтой тээвэрлэх ч гэх зэргээр хариуцлага өндөр байх хэрэгтэй гэдэг талаас нь асуудалд ханддаг.

-Сонгууль ойртлоо. Ер нь ямар бодолтойгоор сонгуульд оролцох вэ. Нэр дэвших кандитатын нэгд таны нэр ч явж байгаа?

-Сүхбаатар аймагт нэг мандаттай болчихлоо. Гурван хүн зарчмын шаардлагыг хангасан байна. Нэгд нь өмнө нь нэр дэвшиж, бага саналаар ялагдаж байсан “Монос” группын захирал Л.Эрдэнэчимэг. Нөгөөх нь “Бодь” группын ерөнхийлөгч М.Зоригт. Мөн миний бие байна. Бидний гурвын хувьд бусад тойргууд дээр гарч байгаа шиг хоорондоо өрсөлдөөд л бараг хуруудах нь холгүй тийм зүйл байхгүй. Хэн нь УИХ-д, хэн нь Засгийн газрын түвшинд, хэн нь аймгийн, хэн нь сумын түвшинд байршвал хөгжлийг хурдацтай явуулах вэ л гэдгээ бид тодорхойлно. Бидний хувьд том өрсөлдөөн байхгүй. Харин бодлогын зөвшилцөөнүүд байгаа. Сүхбаатарчуудын сонголт хийгдсэн гэж бодож байгаа. 1992 оноос хойш одоог хүртэл ардчилсан хүчнийг Сүхбаатарчууд сонгож байгаагүй. АН-ын залуус ажил хийж чадах болов уу чадахгүй болов уу гэсэн эргэлзээ хүмүүст байсан байх. Өнгөрсөн 4 жилд бид ард түмний тэр эргэлзээг тайлж чадсан. Тэр утгаараа бид ялна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

А.Тэлмэн

Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж