Харин ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Ц.Очгэрэл “Эмч нарийн зөвлөгөөний шийдвэрээр Н.Энхбаярыг өнөөдөр /V.09/ 14.00 цагийн орчим II эмнэлэгт авчирсан. Н.Энхбаярын хувьд ухаан алдсан, шоконд орсон, амь нас нь аюулын ирмэгт тулсан асуудал огтхон ч болоогүй. Одоогийн байдлаар ар гэрийнхэн нь гурван удаа уулзаад байгаа. Тавдугаар сарын 05-ны орой хорих 461 дүгээр ангид ирмэгц нь түүний эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар нарыг Прокурорын газрын хяналтан дор уулзуулсан. Мөн хоёр хоногийн дараа буюу тавдугаар сарын 07-ны өглөө эхнэр О.Цолмон нь, өчигдөр /V.08/ хүү Э.Батшугар нь мөн уулзсан. Таслан сэргийлэх арга хэмжээг цуцлаагүй тул хэвлэл, мэдээлэл болон ар гэрийнхэнд нь тухай бүр мэдээлэл хийгээд байх шаардлагагүй” гэв.
ШШГЕГ болон ЦЕГ-аас ийн мэдээлэл хийхийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон, түүний өмгөөлөгч О.Баасанхүү, Б.Оюунбилэг нар II эмнэлэг дээр ирж, эмч нараас мэдээлэл өгөхийг шаардсан юм. О.Цолмон нөхрийнхөө биеийн байдлын талаар мэдээлэл авахыг хүсч байгаагаа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэлж байв. Харин “Гэр бүлийнхнийг нь Н.Энхбаяртай уулзуулах уу” гэсэн асуултад ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Ч.Очгэрэл “Хэрэв ар гэрийнхэн нь хүсэлтээ бичгээр илэрхийлбэл уулзуулахад бэлэн байгаа. Түүнээс биш хүн бүр хүссэнээр хэн нэгэн хүн тэдэнд мэдээлэл өгөх боломжгүй. Бид Н.Энхбаярыг бололцоогоороо гэрийнхэнтэй нь уулзуулж байгаа. Эмч нар нь шаардлагатай гэж үзвэл биеийн байдлын талаар мэдээлэл хийх байх” гэлээ.