Түймрийн улмаас хохирсон иргэдэд тусална

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Түймрийн улмаас хохирсон иргэдэд тусална

Тавдугаар сарын 1-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд гарсан түймэр сумын нийт нутгийн 50 хувийг хамарсан төдийгүй найман айл гэр оронгүй болж, олон тооны мал өртөж, гурван машин шатаж, хоёр хүний амь насыг авч одсон байна. Урьдчилсан байдлаар иргэдэд 301 сая төгрөгийн хохирол учирсан гэсэн дүн гарчээ.  Байгалийн давагдашгүй хүчин болох зүйл ой, хээрийн түймэр  нутгийн зон олонд нь тохиолдсонд харамсаж байгаагаа Булган сумын нутгийн зөвлөлийнхөн илэрхийлж, түймэрт өртөгсдөд туслах хандивын данс нээсэн байна. “Зовох цагт хүний чанар танигддаг” гэсэн  өвөг дээдсийн сургаалийг амьдралд хэрэгжүүлж, аливаа байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед сум бүр тодорхой хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлдэг  уламжлал тогтоох  нь цаг үеийн шаардлага  гэж Дорнод аймгийн Булган сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхөн өгүүлж байлаа.
Дорнод аймгийн уугуул болон суугуул иргэд Булган сумын түймэрт өртөж хохирсон нутаг нэгтнүүддээ хандив өгөхийг хүсвэл ХААН банк Их тойруугийн салбар дахь 502825001-2 тоот данс уруу мөнгө шилжүүлж болох нь ээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж