Уул уурхайн салбарын түүчээг Налайхын уурхайг төрийн мэдэлд авсантай холбон үздэг билээ. Учир нь энэ салбарыг төрийн зохицуулалттай бодлогоор дэмжих, үйл ажиллагааг тэлэх нь Налайхын уурхайг тэртээ 1922 оны 12 дугаар сарын 25-наас тийнхүү төрийн мэдэлд авсанаас үүдэлтэй гэдэг. Уул уурхайн салбарын ахиц дэвшлийн талаар ШУТИС-ийн доктор, Уул уурхайн их сургуулийн зөвлөх Д.Ренчинхандаас тодрууллаа.
-Өдгөө 90 жилийг ардаа орхиж, шинэ эрин үе ирлээ хэмээн үзэж байна. Тэгэхээр энэ салбарын хөгжлийн тухайд?
-Уул уурхайн салбарын хөгжил эхэндээ асар даруу байсан. Хөгжлийн шатанд хүрэхийн тулд уул уурхайн үйлдвэрлэл, эрдсийн түүхий эдийг олборлох асуудал эдийн засгийн хөшүүрэг болно хэмээн төр засгаас үзэж байсан юм. 1942 оноос молибдений орд газрыг ашиглах ажил эд өрнөж байлаа. Учир нь дайны үеийн он жилүүдэд хуяг дуулга хийхэд молибден чухал хэрэгцээтэй байв. 1949 оноос Монгол, ОХУ-ын хамтарсан “Сод Монгол металл” аж ахуйн нийгэмлэг байгуулагдсан. Энэ нь уул уурхайн салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Энэ нийгэмлэг 1957 он хүртэл ажиллаад, манай улсын бүрэн өмч болсон юм. Үүгээр шинэ үеийн боловсон хүчин төрж байлаа. Уул уурхайн салбар он жил өнгөрөх тусам үр өгөөжөө өгсөөр ирлээ. Үйлдвэржилт, барилгажилт, нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт нэмэр хандив, хөрөнгө оруулалт болсоор ирлээ.
-Олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэдэг. Бодит үр дүн хэрхэн харагдаж байна вэ?
-Үүнд нэг том жишээг дурдъя. 70-аад оны эхээр Эрдэнэтийн овоог ашиглах хэлэлцээр батлагдсан. Энэ дагуу Эрдэнэтийн комбинатыг барих ажил 1976 онд эхэлсэн юм. Харин үр дүн нь өнөө цагт Эрдэнэтийн комбинат улсын төсвийн нэлээд хувийг бүрдүүлж буй тэргүүлэх үйлдвэржилтийг хийж байна.