Д.Медведев Ерөнхий сайд боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Д.Медведев Ерөнхий сайд боллоо

ОХУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч В.Путин амласан ёсоор Д.Медведевийг Ерөнхий сайд  болгожээ. Д.Медведевийг Ерөнхий сайд болгох В.Путины саналыг ОХУ-ын парламентийн доод танхимын гишүүд санал нэгтэй баталсан гэнэ. Өнгөрсөн оны есдүгээр сард В.Путиныг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг дэмжсэний хариуд В.Путин ерөнхийлөгчөөр сонгогдвол түүнийг Ерөнхий сайдаар томилно гэж мэдэгдэж байсан юм. Д.Медведевийг Төрийн Думын 229 гишүүн дэмжиж, 144 хүн эсэргүүцжээ. Д.Медведевийг Ерөнхий сайдаар баталсны дараа тэрбээр “Бид улс орныхоо бат бэх байдлын төлөө хамтдаа зүтгэж, тулгамдсан асуудлаас зөв гарцыг олж, төр, ард түмэнтэйгээ хамт гэдгийг батлан харуулна” хэмээн мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчөөр сонгогдвол Д.Медведевийг Ерөнхий сайд болгох шийдвэрийг эрт гаргасан гэдгээ В.Путин өөрөө ч хүлээн зөвшөөрсөн аж.  Тэрбээр “Бид энэ улс оронд болон парламентад муугаар нөлөөлөх юу ч хийгээгүй. Энэ тохиролцоо бол улс төрийн тоглоом ч юмуу заль мэхийн аль нь биш” хэмээн ярьсан байна. Өнгөрсөн ням гаригт В.Путиныг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн Москва хотод өрнөж, цагдаа нар 400 гаруй хүнийг баривчилсан боловч В.Путин даваа гаригт ОХУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөж, ОХУ-ыг ирэх зургаан жилд удирдах шинэ ерөнхийлөгч болсон юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж