“Татвар төлөгчдийн өдрүүд-2012” арга хэмжээ “Нийгмийн хариуцлагаа эрхэмлэе” уриан дор улс орон даяар зохион байгуулж байгаа аж. Аймгийн Татварын хэлтэс нь энэ оныг “Төлөвлөх, ногдуулах, хураах жил” болгон зарласан байна. Энэ жилийн хувьд татвар төлөгчид цахим хэлбэрээр татварын тайлангаа гаргаж, тоон гарын үсгээр баталгаажуулж эхэлсэн гэж хэвлэлийн бага хурлын үеэр онцолж байв.
Аймгийн хэмжээнд татвар төлөгч 2200 аж ахуйн нэгж, 20000 гаруй иргэд бүртгэлтэй байдаг байна. Жилийн 365 хоногийн талаас илүүд нь татвар хурааж, хянаж, шалгадаг татварынхан жил бүрийн энэ долоо хоногт татвар төлөгчдөдөө ажлынхаа үр дүнг тайлагнаж, шилдэг татвар төлөгчдийг шалгаруулан урамшуулдаг уламжлалтай. 2011 онд улс орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгж байгууллагыг “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Шарын гол” ХК, Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК, “Дархан Ус суваг” ХК-иуд тэргүүлж байна.
Татвар төлөгчдийн өдрөөр Татварын ерөнхий газрын тэргүүн шагнал болох “Хөх дэвтэр”-ийн эзэд тодордог. Энэ дэвтрийг Дархан-Уул аймгаас “Дархан Ус суваг” ХК , “Дархан Тээвэр” ХК тус тус авахаар болсон байна.
“Татвар төлөгчдийн өдөр”-үүдийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын нягтлан бодогчдын дунд “АХА” тэмцээн, оюутнуудын дунд татварын чиглэлээр цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулж, уламжлалт гар зураг, зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулж байна. Түүнчлэн тавдугаар сарын 11-ний 14.00 цагт Татвар төлөгчдийн зөвлөгөөн болох ажээ.