Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Одоогоос
4 жилийн өмнө Төрийн шагналт Б.Шаравын тоглолтон дээр нэг бүсгүй хос
ятгатай тоглохыг харчихаад бишрэхдээ Монголд ийм хөгжимчин байдаг юм уу
гэж уулга алдаж байснаа тод санаж байна. Түүнийг Азийн ятгын хатан хаан
гэдэг болохыг ч энэ өдөр энэ тайзан дээрээс хөтлөгчийн амнаас олж
мэдлээ. Элэг нэгтнүүдээсээ ингэтлээ төсөөрч, холдохдоо тэр хаана, юу
хийж явсан хэрэг вэ гэж бас гайхсанаа нуух юун. Хар багаасаа ятгатай
үерхсэн Ч.Мөнх-Эрдэнэ ХБК-ийн ятгын ангийг дүүргэчихээд сургуульдаа
багшлах боллоо. Улмаар Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-д хөгжимдөж байгаад
харь улсын зүг хөлгийн жолоо залсан нь Ч.Мөнх-Эрдэнийн авьяас, дотоод
хүчийг тэсэлж орхисон гэж болохоор байдаг.

Ийн эх орондоо гэхээсээ илүү дэлхийн дэвжээнд тоогдож, үнэлэгдэж эхэлсэн хөгжимчин бүсгүй нөхрийн хамт “Бөртэ” хамтлагаа 2000 онд байгуулж, европын улсуудад монгол үндэсний хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэхдээ фенүүддээ ойр байхыг бодсоных биз, Германд суурьшсан байдаг. Олон жил түүний дотоодод, бүр алсын чанадад боловсорч, нэгээхэн ч зай завсаргүйгээр хуралдсан их авьяас онгод урлаг, тэр дундаа хөгжимд сөхөрдөг гадныхан, өөрийг нь үргэлж ирлэж хурцалж, дэврээж байдаг эр нөхрийнх нь нөмөр нөөлөг дор эгээтэй нарны гэрэлд дэлбээлэх цэцэг мэт дэлгэрсэн болов уу гэж би анзаарсан. Нэгэн цагт төрийн их ятга хэмээгдэн ихэс дээдсийн ордонд заларч, хүмүүний сэтгэлийн нандин утсыг хөглөж, хөндөхдөө үргэлж сайн сайхан, хайр дурлал, жаргал баяр өөд дууддаг ятга хөгжмийн эгшгээр хүн төрөлхтнийг уяраахдаа тэр өөрөө хатан хаан нь болж чадсан юм. Эл алдрын титмийг би ч өгсөн юм биш. Тэртээ нэгэн цагт Японд түүнийг ятгаа уйлуулсных нь маргааш арлын орны хэвлэлүүд Азийн ятгын хатан хаан хэмээн дуу нэгтэйгээр нэрийдэж, түүний авьяасыг үнэлсэн түүхтэй. Гэхдээ тэр өөрөө ингэж хэлүүлэхээс их жийрхнэ. Ичнэ. Хэт даруу, хэт их авьяастай хүний зан байх.   
Ч.Мөнх-Эрдэнэ ятгачин болсноо хувь тавилангийн бэлэг гэж үздэг. Хувь заяагаар учирч, хувь заяагаа зориулсан ятга хөгжим түүний амьдралын утга учир байж, бүсгүй гэгэлгэн ертөнц, эмзэг нарийн мэдрэмжээ, хайр дүүрэн сэтгэлээ илэрхийлдэг гэмээр. Хэзээд инээд цацруулчихсан явах тэрээр ятга хөгжим дандаа гэгээлэг зүйл илэрхийлдэг. Хайр дурлал, сайхан сэтгэл. Тэр ч утгаараа эмэгтэй хүний хөгжим гэдэг хэмээн ярина.

Ятгачин бүсгүйн нөхрийг Д.Ганпүрэв гэдэг. Бас хөгжимчин. Тэд хоёулаа нийлээд хөгжимдөхөөрөө тэр гэж хэлэхийн аргагүй нэг тийм огшсон, халгиж цалгисан энергээр танхимыг тэр чигт нь байлдан дагуулчихдаг. Яг тэр үед л хүний зүрхний хэмнэл хамгийн дээд цэгтээ очиж, сэтгэл хайр ч юм уу, нэг тийм багтаж ядсан юмаар дүүрч, хөгжим ийм гайхамшигтай, хүчирхэг гэж үү гэх бодол өөрийн эрхгүй төрдөг юм. Тийм мэдрэмжийн төлөө би хэдийг ч төлөхөд бэлэн байна.

Тиймдээ ч Ч.Мөнх-Эрдэнэ эгчийг тоглолтоо хийнэ гэхээр одооноос л хөөрч догдолж сууна. Тэгэхээр л ятгачин бүсгүйн хэлсэнчлэн тэд бурханы ерөөлөөр учирч, ханилсан амрагууд. Хоёулаа нийлж хөгжмийн ид шидээр хүмүүний сэтгэлийг уярааж хөглөхдөө тэдэнд хайр, нинжин сэтгэл, сайхан бүхнийг бэлэглээрэй гэж тэднийг явуулсан байх аа.
Яагаад ч юм түүний тухай үзэг цаас нийлүүлж суухад өөрийн эрхгүй ийм үгс урслаа. Магадгүй ятга гэгч агуу ид шидтэй хөгжмийг эзэмшиж, зүрх сэтгэл, амьдралаа зориулсан түүгээрээ ертөнцийг энергээр тэтгэдэг дотоод сэтгэлээс нь ундрах эрчим хүчнийх байж магадгүй юм.

Европын нэр хүндтэй симфони оркеструудтой гоцлол бүтээл тоглоно гэдэг бол баргийн гоцлооч хөгжимчдөд тохиох аз завшаан биш л дээ. Маш том үнэлгээ, өндөр үзүүлэлт болж явдаг. Гэтэл Ч.Мөнх-Эрдэнэ европын дөрвөн оркестортой хамтарч тоглосон байх юм. Ч.Мөнх-Эрдэнийн ятгын дэг гэж өвөрмөц школ байдаг гэж мэргэжилтнүүд дүгнэцгээх. Энэ бүхэн л миний хэлхэж ядсан хэдэн үгтэй үггүйгээр Ч.Мөнх-Эрдэнэ гэж хэн болохыг тодорхойлох учраас цааш илүү нуршихыг хүссэнгүй.  Догдолсондоо эл хөргийг тэрлэлээ. Надаас өөр олон хүн бас тэр сайхан мэдрэмжийг амсаг л дээ. Баярлалаа Ч.Мөнх-Эрдэнэ эгч ээ.

ЭХ СУРВАЛЖ: /WWW.GRANDNEWS.MN/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж