Эрхэм гишүүдийн эмчлүүлж сувилуулах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Эрхэм гишүүдийн эмчлүүлж сувилуулах нь ихэсчээ

Парламентын ээлжит сонгууль дөхөж УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх хугацаатай асуудал шил шилээ даран хүлээгдэж байна. Гэтэл сүүлийн үед эрхэм гишүүд улс орны өмнө тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэхэд хойрго хандан, хойш сууж байнгын хороодын хуралдаанд ирэхгүй байгаагийн улмаас  ирц бүрдэхгүй хуралдаан хойшлох явдал ихэслээ. Өнөөдөр гэхэд л УИХ-ын Төсөв, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод хуралдах байсан ч хойшиллоо. Бидний олж авсан мэдээллээр бол нэлээд гишүүд  гадаадад, дотоодод эмчилж сувилуулахаар чөлөө авсан байна. Түүнчлэн гишүүдийн зарим нь УИХ-д дахин нэр дэвшихгүйгээ мэдрээд гишүүнийхээ төсвийг амжиж, дуусгахын тулд эмчилгээ хийлгэх нэрийдлээр гадаадад аялж яваа сураг ч гарч байгаа бол харин нөгөө хэсэг нь удахгүй сонгууль болж ууж идэхээ умартан, морин дэлнээс буулгүй өдөр шөнөгүй иргэд сонгогчидтойгоо ажиллахын өмнөх амралтыг өөрсдөдөө өгч байгаа бололтой. Мөн зарим гишүүн нь ирцэнд авчихаарай гэх юмуу, ирж амжихгүй гэж туслахаараа хэлүүлэх, утсаа авахгүй байх зэргээр нүүр буруулцгааж байгаа гэнэ.

Өмнө нь ч эрхэм гишүүдийг хуралдаандаа суудаггүй, олон цаг хурал тасалсан, өвчтэй байсан тухай шүүмжлэл сонин хэвлэлд бишгүй гарч байсан. Төрд эрүүл хүн ажиллах ёстой. Тиймээс иргэд, сонгогчид иймэрхүү бие муутай, хувиа хичээсэн гишүүдийг цаашид өөрсдийн төлөөлөл, дуу хоолой  болно хэмээн итгэл үзүүлэн сонгохгүй байвал яасан юм бэ. Түүнчлэн намын бүлгүүд нь ч УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд чуулган, байнгын хороодын хуралдаанд суудаггүй гишүүдийнхээ ирцийн мэдээлэлд дүгнэлт хийж, олон цагаар хуралдаан тасалдаг, худал үнэн нь мэдэгдэхгүй байнга өвддөг үзүүлэлттэй  эрхмүүдэд хариуцлага тооцдог, эргүүлэн татдаг хуультай болох цаг нь болсон юм биш үү.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж