В.А.Жанибеков: Бид хамтдаа дайнд ялж, сансарт нисч чадсан

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

В.А.Жанибеков: Бид хамтдаа дайнд ялж, сансарт нисч чадсан

ОХУ-ын Төрийн тэргүүний урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын баярын ёслолын ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид дайнд оролцож явсан ахмад дайчидтай өчигдөр уулзаж , тэдэнд хүндэтгэл үзүүллээ. Энэ өдөр Москва дахь Элчин сайдын яамны байранд ирсэн хүндэт зочдын дунд Халх голын дайн, Эх орны дайнуудад оролцож явсан орос, монголын ахмад дайчид, баатрууд, хоёр орны найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд дайны болон энхийн цагт онцгой үүрэг гүйцэтгэж явсан зүтгэлтнүүд, одоогийн ОХУ-ын Зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнууд ирсэн байв.
Тухайлбал, ОХУ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, хурандаа генерал Постников Александр Николаевич , ОХУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Сухов Алексей Петрович, Сибирийн цэргийн тойргийн командлагч, ЗХЖШ-ын академийн захирал асан Третьяков Валерий Степанович, “Монголын анд нөхөр” найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, ЗХУ-ын сансрын нисэгч, чөлөөнд байгаа хошууч генерал Горбатко Виктор Васильевич, ЗХУ-ын сансрын нисэгч , ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал Жанибеков Владимир Александрович, Халх голын болон Эх орны дайнуудад оролцож явсан Панкратьев Георгий Тимофьевич, Смирнов Владимир Васильевич, Богданов Николай Григорьевич, Завидонов Юрий Николаевич зэрэг ахмад дайчид болон Эх орны дайны үед дайчдыг ялалтанд уриалан дуудаж, зоригжуулж байсан зургуудыг зурсан , ЗХУ-ын Ардын зураач Скрипков Яков Николаевич , мөн 1930 оны үед монголын ард түмний эрүүл мэндийн төлөө ажиллаж, амиа өргөсөн алдарт эмч С.М.Немойн хүү Немой Александр Самуилович нарын зэрэг хүндтэй зочид олон байлаа.

Уулзалтыг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн үг хэлэхдээ “ Энэ өдөр хүн төрөлхтөний түүхэнд онцгой өдөр билээ. Учир нь Аугаа их Эх орны ялалт зөвхөн тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын төдийгүй, бүх Европ, хүн төрөлхтөнийг аварсан ялалт байсан юм” гэлээ.

Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялалтын баярын мэнд хүргэж, үг хэллээ.
“ Хойч үе биднийхээ төлөө амь биеэ үл хайрлан тулалдсан Та бүхнийхээ гарыг атган, мэхийн ёслох гэж би алс холоос ирлээ. Энэ өдрийг дэлхийн 2-р дайнд оролцсон бүх орнуудын ард түмний нэгэн адил Монголын ард түмэн бахархан тэмдэглэдэг билээ. Миний эх орны 2.7 сая халуун зүрх дайнд амиа алдсан 27 сая Зөвлөлтийн баатрыг мартаагүй бөгөөд мартах ч учиргүй юм” гэлээ.

Дараа нь Ерөнхийлөгч , Эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс, ОХУ-ын хоорондын Батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОХУ-ын зарим иргэн, эх орны дайн болон 1939 оны Халхын голын байлдаанд оролцсон ОХУ-ын ахмад дайчдыг Монгол Улсын одон медалиар шагналаа.

Үүнд, ОХУ-ын “Монголын анд нөхөр” нийгэмлэгийн гишүүн, ЗХУ-ын сансрын нисэгч, хошууч генерал Л.А.Жанибеков, ОХУ-ын иргэн, ахмад дайчин, хошууч генерал Г.Т.Панкратов нарыг Алтан гадас одонгоор, ОХУ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, хурандаа генерал А.Н.Постников, ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны алс дорнодын орнуудтай харилцах хэлтсийн дарга В.П.Бойко нарын хүмүүсийг “Найрамдал” медалиар, ОХУ-ын ЗХЖШ-ын академийн захирлын зөвлөх, хурандаа генерал В.С.Третьяков, доктор профессор А.С.Немой нарын хүмүүсийг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар тус тус шагналаа.
Сансрын нисэгч, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, хошууч генерал В.А.Жанибеков шагнал авсныхаа дараа Монголын хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэлэхдээ, “Бид хамтдаа Халх голын дайнд ялсан, дараа нь Эх орны дайнд ялсан, бас хамтдаа сансарт ниссэн. Бидний нөхөрлөл амжилт ялалт бүрийг авчирч чадна гэдгийг харуулсан” гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж