Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Хориннэгдүгээр
зуун гартал юу ч үйлдвэрлэж үзээгүй, баялаг бүтээж чадаагүй монголчууд
бид гэнэт л асар их баялгийн эзэн болчихов. Өвөг дээдсээс өвлөсөн эх
газрынхаа хөрсөн доороос тэрхүү баялгийг оллоо. Энэ бол одоохондоо
баялаг бус зөвхөн олз юм.

Өнөөдөр тэрхүү олзыг хуваах эрх
мэдлийн төлөөх тэмцлээр улс төрийн өрсөлдөөний утга учир тодорхойлогдож
байна. Учир нь хэн төрийн эрх мэдлийг авна, түүнд “олз”-ыг хуваах,
захиран зарцуулах эрх мэдэл шилжин очно. Төрийн эрхийг авсан хэсэгт
бүлэгт баялгийг захиран зарцуулах эрх мэдлийг өгөх тохиолдолд өнөөдрийнх
шиг шударга бус хуваарилалт цаашид ч үргэлжилж, баян ядуугийн ялгаа
улам ихсэхгүй гэх баталгаа даанч байхгүй. Мөн газрын баялаг ард түмний
өмч байна гэж Үндсэн хуульд тунхагласан ч өнөөдрийг хүртэл иргэд
Тавантолгойн хувьцааны хоосон сургаас өөр юуг ч өмчилсөнгүй.

Иргэд
нь баялгаасаа хувь хүртэж чаддаггүй, түүний хуваарилалтыг төрийн эрхэнд
байгаа хэсэг бүлэг л шийддэг өнөөдрийнх шиг нөхцөл байдлыг хаах олон
арга байж магадгүй. Гэхдээ тэдгээрээс хамгийн тод, ойр харагдаж буй ганц
арга бол стратегийн орд газруудын нөөцөд түшиглэсэн иргэдийн оролцоотой
хувьцаат компани байгуулах хувилбар. Энэ нь баялгийг улс төрөөр биш,
компанийн засаглалаар дамжуулан захиран зарцуулах арга зам юм. Яагаад
тод бөгөөд ойр харагдаж байгааг олон үндэслэлээр тайлбарлаж болно.

Баялгаас
иргэдэд хуваарилах арга замыг анх төрийн бодлогын хэмжээнд Ардчилсан
нам 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан тодорхойлсон
бөгөөд “Эрдэнийн хувь” хэмээх ойлголт дор “Баян Монгол корпораци”
байгуулах төслийг УИХ-ын гишүүн Л.Болд боловсруулж байсан юм. Улмаар
хамтарч Засгийн эрх барьсан хоёр намын тохиролцоогоор баялгийн хувь
хишиг болгон 21 мянгыг иргэдэд хуваарилах Хүний хөгжил санг энэ
парламентын хугацаанд байгуулсан. Уг сангийн  тухай хуульд “8.2
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай
зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших
эрхийг төрийн өмчит хуулийн этгээд хэрэгжүүлнэ. 8.3 Энэ хуулийн 8.2-т
заасан хуулийн этгээдийн дүрмийг Компанийн тухай хуульд нийцүүлэн
Засгийн газар батална. 8.4 Энэ хуулийн 15.1-т заасан иргэн компанийн
давуу эрхийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд хувьцааны ногдол ашиг буюу
хишиг, хувь хүртэнэ гэж тусгасан юм. Нэг үгээр хэлбэл иргэдийн
оролцоотой хувьцаат компанийг ном ёсоор нь байгуулах эрхзүйн орчин
бүрэлдэж эхэлсэн гэсэн үг. Өнөөдрийн байдлаар баялгийн шударга
хуваарилалтыг бий болгох хамгийн ойрын арга зам нь энэ.

Стратегийн
ордуудын нөөцөд түшиглэн байгуулах тус компанийн зах зээлийн үнэлгээг
тэр үед маш болгоомжтойгоор тооцож байсан бол өнгөрсөн дөрвөн жилд
түүний үнэ цэнэ цаашид хэрхэн өсч болох бодит төлөв харагдсан.
Тухайлбал, стратегийн орд Тавантолгойн нүүрсний ордын дөрвөн хувийг
эзэмшиж буй компани үүнийхээ 20 хувийг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр
хувьцаагаар арилжаалж, 670 гаруй сая ам.долларыг босгожээ. Тэгвэл 96
хувийг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэ цэнэ хэд хүрч
болох вэ?

Үүнтэй дүйхүйц стратегийн орд 15 байгаа, мөн
стратегийн ордод тооцох боломжтой 39 орд бий. Эдгээрээс зөвхөн
Тавантолгой, Оюутолгойн ордын нөөцийн зах зээлийн үнэлгээ 70 тэрбум
ам.долларт хүрч байна. Тэгэхээр Монголын ард түмэн, иргэн бүрийн эзэмших
эрхтэй баялаг чухам хэдий хэмжээтэйг та төсөөлж байгаа биз ээ.

Гэвч
өнөөдрийн байдлаар энэ их баялаг жинхэнэ утгаар баялаг болж иргэддээ
өгөөжөө өгч чадаагүй байгаа учраас л олз гэж хэлэх нь илүү оновчтой юм.
Олзыг баялаг болгон хувиргахад үйлдвэрлэлийн үйл явц, санхүү, эдийн
засгийн арга ухаан хэрэгтэй. Мөн иргэн бүрийн амьдралд хүргэх, айл өрх
бүрийн босго давуулах шударга тогтолцоо хэрэгтэй. Тэр цагт л олз биш,
баялаг болж чадна. Одоохондоо Монголын төр засаг олзыг баялаг болгох
арга ухааны алийг нь ч оновчтой байдлаар боловсруулж чадаагүй байна.
Эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн Тавантолгойн ордын ажил эхлээгүй.
Шалтгаан нь уг ордын дөрвөн хувийг эзэмшиж буй хувийн компанийн эрх
ашгийг төрийн бодлогоор дам­жуулан хамгаалж байгаа явдал гэх хардлага
бий.

Ашиглалтын үйл явц эхэлсэн Оюутолгойн ордын 34 хувийг
Монголын төр эзэмшиж байгаа ч үүнд иргэдийн хувь оролцоо огт байхгүй.
Ийм жишгээр стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулбал баялгийн
үр өгөөж монгол хүнд наалдахгүй. Тэгэхээр энэ жишгийг өөрчлөх, баялгийг
захиран зарцуулах, эзэмших эрхийг нь иргэдэд өгөх нь хамгийн чухал
бөгөөд хамгийн тулгамдсан асуудал. Үүнийг бодитой болгож хэрэгжүүлэхийн
төлөө хэн юу хийж чадах вэ? Хэн юу хийхийг хүсч байна вэ?

Төрийн
эрх мэдлийн төлөө өрсөлдөж байгаа улс төрийн намуудын бодлого, зорилгын
зөв, бурууг зөвхөн үүгээр хэмжихэд хангалттай гэж хэлэхэд хислдэхгүй.
Баялгаасаа хөрөнгө босгож, хөгжлийн хөрөнгө оруулалт болгож чадах уу.
Эсвэл олз мэт хандаж, хэдхэн гэр бүл, хэсэг бүлэг эрх мэдэлтний хөлжих
хэрэгсэл болгох уу. Энэ асуултын хариу яаж гарахаас Монгол Улсын,
монголчуудын ирээдүй хамаарна. 

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж