Өдөр ирэх бүр өсөн тэлж буй улс орны нийгэм, эдийн засгийн харилцааг даган Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүн хавсран гүйцэтгэх нь улам хүндрэлтэй болж, санаатай санамсаргүй байдлаар албан үүргээ цалгардуулах байдал гарах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эдгээр хуулийн төслийг санаачилсан билээ. Тодруулбал Засгийн газрын гишүүний үүрэг ажлыг хавсран гүйцэтгэж буй Улсын Их Хурлын гишүүд нь бусад гишүүдтэй харьцуулбал хуралдаанд оролцох идэвх муу, Улсын Их Хурлын тухай хуульд заасан дагуу 1 байнгын хороонд харъяалагддаг ч тэрхүү хорооныхоо хуралдаанд тэр бүр оролцож чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон тул энэ мэт асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн агуулга бүхий өөрчлөлтийг оруулахаар төсөлд тусгасан болно.
УИХ, Засгийн газрын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” болон “Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэв.
Эх сурвалж: http://www.president.mn