Харийнхан хүссэн салбартаа мөнгө угааж халаасаа түнтийлгэж байхад монголчуудын 21 мянгын дараалал улам уртасч байна. Бас хувь хишиг тараана гэж хэдэн улирал дараалан худал амласан Засгийн газар ахмадуудын зовлонгоор жаргал хийж буйгаа юман чинээ тоосонгүй.
Байгалийн баялгийг ард түмэнд эзэмшүүлэхээр хуульчилсан заалт амьдралд хэрэгжихгүй байгаагийн шалтгааныг өнөөгийн цаг үе Төр засгаас шаардаж буй. Монгол Улсын нүүрс, зэсийн экспорт нэмэгдэхийн хэрээр дэлхийн зах зээл дээрх эдгээр түүхий эдийн үнэ улам өсч байгаа. Тухайлбал, 2008 онд коксжих нүүрс нэг тонн нь 156 ам.доллар байсан бол одоо 280 "ногоон"-д элбэг хүрчээ.
Харин тонн зэсийн үнэ дөрвөн жилийн өмнө 6000 гаруйхан ам.доллар байсан бол өнөөдрийг хүртэлх хугацаандаа 10 мянган ам.долларт шүргэж, одоо 8296 ам.долларт болоод байна. Дэлхийн зах зээлдээр Монголын баялаг ийнхүү хэд дахин үнэд хүрч байхад иргэдийн амьдрал улам ядуурч байлаа. Засгийн газар энэ хугацаанд өрхийн амьжиргааг дэмжих, бизнесийн орчныг шинэтгэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэргээр жил бүрт нэр оноож, цаасан дээр ажиллахаас өөрийг хийсэнгүй. Ингэхдээ ашигт малтмалаас орж ирсэн орлогыг төсвийнхний цалинг нэмэх, элдэв хувь хишиг тараах, сайд, дарга нарын сандал ширээг өнгөлөх зэрэгт үрээд дууссан.
Зөвхөн 2010 онд төрийн албан хаагчдын үндсэн цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмэхэд 78,3 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ. Харин 2008 онд төсвийнхний цалин 70 хувиар өссөн ч үйлдвэрлэл дөнгөж долоон хувиар нэмэгдсэнийг Азийн хөгжлийн банкныхан мэдээлсэн.
Энэ жил тэдний цалин 53 хувиар өссөнийг дагаад ядуурал 40 хувьд хүрсэн үзүүлэлт бас дагалдаж байна. 2008 онд үйлдвэрлэлийн хэмжээ нийт эдийн засгийн өсөлтийн дөнгөж 2,5 хувьтай тэнцэж байсан. Уул уурхайгаас орж ирсэн орлогыг эдийн засгийн өсөлт гэж андуурсан нь энэ. Эквадорын эмгэнэлт хувь заяа давтагдаж байгаагаас өөрцгүй зүйл болоод байна. Газрын тос олборлох нэрийдлээр олон компани тус улсад 1970 оноос ажиллаж эхэлжээ.
Энэ хугацаанд ядуурал 50-70, ажилгүйдэл 15-70, улсынх нь гадаад өр 240 саяас 15 тэрбум ам.доллар болтлоо тус тус өссөн байна. Хамгийн эмгэнэлтэй нь, хүн амынх нь хамгийн ядуу хэсэгт ногдох үндэсний баялгийн хувь 20 байснаа 6 хувь хүртлээ буурсан тухай Жон Перкинс "Эдийн засгийн алуурчны наминчлал" номдоо дурдсан билээ.
Байгалийн баялгаа харийнхны гарын салаагаар урсгаж, өөрсдөө уранхай хэтэвчтэй үлдсэн Ирак, Эквадор, Африкийн жишээг давтаж байна. Гэтэл үнэн хэрэгтээ газрын доорхи баялгийг ард түмэндээ 100 хувь эзэмшүүлэх бодлого Монгол Улсал хэчнээн чухал болохыг цаг хугацаа батлаад өглөө.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр монголчууд эд баялагтаа эзэн суух учиртайг 2008 онд дэлхий дахинд зарласан билээ. Тэрээр "Тавантолгойн орд газрыг ардтүмэнд 100 хувь эзэмшүүлнэ" хэмээн мэдэгдэж, үүнийг ажил хэрэг болгохыг удаа дараа сануулсан. "Монгол Улс үнэхээр ардчилсан орон юм бол үндэсний хэмжээний энэ асуудалд олон ургальчаар хандаж, иргэн бүрийн ашиг сонирхолд тулгуурлан шийдвэрлэх бодлогыг эрж хайж зөв тодорхойлох, баримталж хэрэгжүүлэх ёстой" гэж тэрээр хэлсэн.
Мөн Ерөнхий сайд С.Батболдын "Тавантолгойгоос 10 хувийг л иргэддээ хувьцаа хэлбэрээр олгох, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүддээ биржээр дамжуулан, хувьцаа зарах замаар эзэмшүүлэх зэрэг саналууд оновчтой гэдэгт эргэлзэж буйгаа ч хуваалцаж байлаа. Түүний хэлсэн үг үнэн байсныг өнөөдрийн Засгийн газрын муйхар ажиллагаа батлаад байна. Засгийн газар иргэддээ 1,5 сая төгрөгөө Тавантолгойн хүвьцаатай хамт өгнө гэсэн амлалтаасаа ухарч, одоо бүр аль нэгийг нь сонго гэж улайм цайм тулгаж байна.
Үүний цаана Хятадын компаниудын ашиг сонирхол шууд харагдаж байгаа нь сонгуулийн дараа эхлүүлэх хэлэлцээнээс нь илт. Анхнаасаа ард түмнээс Тавантолгойг хулгайлсны төлөөс ийнхүү гарч байна. Өөрөөр хэлбэл, өмнийн говийн илчит орд ийнхүү Засгийн газрын буруу бодлогын улмаас эзэнгүйдээд байна.
Канадын Худалдааны сайд Дэвид Эмерсон 2008 оны нэгдүгээр сард манай улсад хийсэн айлчлалынхаа үеэрээ Монголын Засгийн газрын зүгээс уул уурхайг өмчлөх, түүнчлэн уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахаар илтэд сонирхож байгааг Канадын Засгийн газар буруушааж буй тухай мэдэгдсэн байдаг. Харин тухайн үед Ерөнхийлегч Н.Энхбаяр газрын хэвлийн баялаг нь ард түмний мэдэлд 100 хувь байх учиртайг илэрхийлсэн нь ийнхүү Канадын Засгийн газрын дургүйцлийг хүргэсэн хэрэг байлаа.
Бодит байдал дээр гадаадынхны зүгээс Монголын уул уурхайд ийм дүгнэлт өгөх нь жишиг болсон байсан юм. Эквадорыг гадаадын компаниуд цөлмөж, ядуурал, ажилгүйдлээс өөр зүйлгүй үлдээхдээ ард түмэнд нь баялгийг эзэмшүүлэхээс эрс татгалзсан шийдвэрийг Засгийн газраар нь гаргуулж байжээ. Монгол Улс Эквадорын жишээг давтах магадлал өндөр байгаа нь нэгэнт тодорхой болов.
Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин