Хятад Иранаас худалдан авч буй түүхий нефтийнхээ төлбөрийг юаниар хийж байгаа талаар Ираны нэгэн дипломат мэдэгджээ. Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд АНУ, Европын холбоо тус улсын Төв банк, газрын тосны худалдаанд хатуу хориг тавиад байгаа билээ. Газрын тосны худалдааг ихэвчлэн ам.доллараар хийдэг байсан боловч АНУ-ын эдийн засгийн хоригоос болж төлбөрийг ам.доллараар хийх аргагүй болсон аж. АНУ Иранаас түүхий нефть импортлогч орнуудад импортын хэмжээг багасгаж, эдийн засгийн хориг тавихад нэгдэхийг уриалсан авч Хятад тус улсын хамгийн том импортлогч хэвээр байна. Хятад улс Иранаас жил жил 20-30 тэрбум ам.долларын үнээр түүхий нефть импортолдог. Ираны элчин сайдын мэдээлснээр Хятадын төрийн өмчит газрын тосны “Sinopec” компанийн охин компани “Unipec” болон “Zhuhai Zhenrong” гэсэн хоёр компани Иранаас түүхий нефть импортолж буй гол компаниуд аж. Хятад түүхий нефтийн импортын төлбөрийг юаниар хийхийн зэрэгцээ Лондон, Хонконгод юанийн арилжааний төвөө нээсэн нь мөнгөн тэмдэгтийн хэрэглээг олон улсын зах зээлд өсгөж, гол өрсөлдөгч ам.долларыг цохих нэг арга нь аж. Эх сурвалжийн мэдээлснээр Хятад Ираны түүхий нефтийн импортын төлбөрөө ОХУ-ын банкуудаар дамжуулан хийж байгаа гэнэ.
Н.ЭНХ